Цэс

Холбоо барих

“Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын төслийг баталж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Байнгын хороонд буцаалаа


    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.02) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

  Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах горимын санал гаргалаа. Тэрбээр, чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг шийдвэрлэсэн. Д.Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилсон тул төрийн албан хаагч давхар алба хашиж болохгүй. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас нь яаралтай чөлөөлөх асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэх шаардлагатай гэв. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,7 хувь нь дэмжсэн.

    Иймд “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. 


    Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т “өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон бол Зөвлөлийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж болно” гэж заасны дагуу “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг онцлоод Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь өөр ажилд томилогдон ажиллах болсон тул Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувь нь дэмжсэн гэж байлаа. 

   Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

    Үргэлжлүүлэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. 

   Байнгын хорооны 2020 оны 12 дугаар 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа дурдахын зэрэгцээ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн 34 зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн гэдгийг онцлов. 


    Тухайлбал, хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд Далайн эрх зүйн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенц болон Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенцоор зохицуулахаар шинээр нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилох, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа, чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн гэж байлаа.

    Түүнчлэн Ажлын хэсгээс Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байхаар, далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагчийн эрхийг Далайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгохоор, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь байршил тогтоогч болон харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар, хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны мөрдөх журмыг Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталдаг байхаар өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хөлөг онгоц түрээслэх, түрээслэгчийн хүлээх үүрэг, хариуцлагын асуудлыг Иргэний хуулиар зохицуулах боломжтой гэж Ажлын хэсгээс үзэж, хуулийн төслөөс уг харилцаатай холбоотой зүйлүүдийг бүхэлд нь хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.


    Хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцааг олон улсын гэрээ, конвенцоор зохицуулах боломжтой гэж Ажлын хэсгээс үзсэн тул Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Хөдөлмөрийн тухай хуулийг эшлэсэн заалтыг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулгадаа дурдав. 

    Хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Баделхан, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс  20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан Далайн захиргааны төв байгууллагыг татан буулгаж, далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд нэгтгэж буй шалтгааныг илүүтэй тодруулж, байр сууриа илэрхийлсэн.


    Ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан  хариултдаа, Монгол Улс 1976 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 170 дугаар зарлигаар Далайд гарцгүй улсын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 1921 оны Барселоны тунхаглалд нэгдэн орсон. Үүнээс хойш 1996 онд Монгол Улс Олон улсын далайн байгууллагын гишүүн болж, нийтдээ 32 олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон байдаг. Үүнтэй холбоотойгоор Олон улсны гишүүн байгууллага өөрсдийнхөө гишүүн байгууллагын үйл ажиллагаанд аудит хийдэг. Энэ хүрээнд 2018 онд манай улсад аудит хийгээд дотоодынхоо хууль тогтоомжид Олон улсын далайн байгууллагаас гаргасан конвенцын дүрэм, гэрээ, заалтуудыг тусган нийцүүл гэсэн аудитын зөвлөмж өгснийг онцлов.  Мөн тэрбээр, Далай ашиглах тухай хуулийн төслийг 1999 онд баталснаас хойш үйл ажиллагаа, эрх зүйн зарим зохицуулалт өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгааг дурдахын зэрэгцээ олон улсын конвенцод “Аливаа улсын далбаан доор үйл ажиллагаа явуулах эрх бүхий хөлөг онгоцны хувьд захиргаа нь тухайн улсын Засгийн газар байна" гэж заасан байдаг.  Энэ утгаар Монгол Улсын Засгийн газар буюу төрийн захиргааны төв байгууллага нь хариуцаж, хариуцлага хүлээдэг. Тиймээс далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийн асуудлыг хуульд маш нарийн тусгасан гэж байлаа. 

  Ингээд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж эхлэв. Төслийн 5,6 дугаар зүйлийг нэгтгэж, Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгтэй холбоотой 5 дугаар зүйл болгон өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаан даргалагчийн зүгээс гүйцээн боловсруулах чиглэл өгсөн учир санал хураасангүй. 


    Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41.8-д Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол уг  хуулийн төслийг Байнгын хороонд буцаана гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ горимын санал гаргалаа. Тэрбээр, далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгтэй холбоотой төслийн 5,6 дугаар зүйлийг нэгтгэхэд эргэн харах асуудлууд байгаа тул хуулийн төслийг Байнгын хороонд нь буцааж, анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг дахин явуулахаар Эдийн засгийн байнгын хороонд буцааснаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл