Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 45 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиудыг нийтэлжээ.


Мөн 2022 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан 23 хууль, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг нийтэлсэн байна.

2022 оны төсвийн жилд Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор шаардагдах хөрөнгийг олгохоор заасан бөгөөд хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, мөнгөн хуримтлалаас тухайн сард доор дурдсан хугацаанд тодорхой хувиар тооцож мөнгөн хэлбэрээр авах эрхтэй байхаар Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгажээ.


Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрд Төрийн санд хуримтлагдах мөнгөн хуримтлалын хэмжээг сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцох бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тус тус олгож болох ажээ.

Мөн дугаарт Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл