Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.03) үдээс өмнөх хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 15 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” заасан байдгийн Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан сануулаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 39 нь буюу 90.7 хувийн саналаар хуулийг баталлаа.
Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.
Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээн авахаар шийдвэрлэсэн. Уг хоригийг хэсэгчлэн хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.9-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” заасан тул Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн гэлээ. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасан байна. Түүний эл горимыг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.
Ё.Баатарбилэг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Ганибал нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон Улсын Их Хурлын Тамгын газраас хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.1 хувь нь дэмжсэн. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын цаг дууссан. Өнөөдрийн хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж зарчмын зөрүүтэй 41 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.
Тухайлбал, төсөлд “”кибер орон зай” гэж интөрнэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар;” гэсэн агуулгатай 4.1.2 дахь заалт, ““төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг;” гэсэн 4.1.16 дахь заалт, мөн “Кибер аюулгүй байдлын зөвлөл” гэсэн 11 дүгээр зүйл нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд тус бүрд нь дэмжив. Мөн төслийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг хасах, төслийн 19 дүгээр зүйлд “Бусад хуулийн этгээд кибер халдлага илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 10.1.4-т заасан холбогдох шаардлагыг хангасан байна" гэсэн агуулгатай 19.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлд “Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем хариуцсан байгууллага” гэсэн агуулгатай 18.1.16 дахь заалт нэмэхийг дэмжих томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.