Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Тогтоолд хүчингүй болсонд тооцох тухай, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай, Хуулийн төсөл буцаах тухай, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.
УИХ-ын тогтоолоор Доржгочоогийн Ариунтуяа, Цэвээнсүрэнгийн Давхарбаяр, Думбурайн Мягмарцэрэн, Хашгамбайн Хашбаатар, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нарыг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр, Навагчамбын Баасанжав, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Наранчулууны Отгончимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр тус тус томилсон байна.
Түүнчлэн УИХ тогтоол гарган Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83,673,494,098 /наян гурван тэрбум зургаан зуун далан гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга ерэн найм/ төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийхийг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.
Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас тус нийгэмлэгт төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг Монголбанкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банканд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд, Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг эгүүлэн татаж, шинэ Элчин сайдыг томилжээ.
Засгийн газрын тогтоолоор “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.