Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2021.12.14/ болж Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаарх Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонслоо.
Цар тахлын Омикрон хувилбар 70 орчим оронд тарсан болохыг сайд мэдээллийнхээ эхэнд онцоллоо. ДЭМБ-ын зүгээс Омикрон Дельтагаас илүү халдвартай байгааг онцолж, вакцины үр нөлөөг бууруулж байгааг хүлээн зөвшөөрсөн гэлээ. Клиникийн хувьд хөнгөн гэдэг дүгнэлтийг хийхэд эрт байгааг ДЭМБ-ын зүгээс анхааруулаад дараагийн шатны вакцин гаргах шаардлагатайг онцолсон гэж сайд хэллээ.
Их Британи улс Омикрон давалгаанд хамгийн их өртсөн орны тоонд орсон бөгөөд 4700 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа хэдий ч бодит тоог 20000 хүрсэн гэж үзэж буй аж. Нийт генийн дараалал тодорхойлох шинжилгээний 40 хувьд нь Омикрон бүртгэгдэж байгаа учир тус улс онцгой байдал зарлан Омикроны эхний нас баралтыг мөн зарласан байна.
Их Британы Засгийн газар өдөрт 1 сая хүнийг бүүстэр тунд хамруулж эхэлсэн ба оны сүүлээр 18 наснаас дээш бүх иргэдээ хамруулахаар тооцоолжээ. Иргэдийн идэвх сайн байгаа бөгөөд цаг авах цахим систем нь унасан гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд өгсөн.
“Файзер” компани вакцины хоёр тун хийлгээд нэг сар, гурван тун хийлгээд нэг сар болсон хүмүүст Омикрон вирусын халдвар эсэргүүцэх байдалд шинжилгээ хийхэд бүүстэр буюу гурван тунтай хүмүүсийн эсрэг биеийн түвшин өндөр байгаа нь тогтоогджээ. Хоёр тун вакцинтай хүмүүсийх 25 дахин унасан нь тодорхой болжээ.
1-2 сарын дараа Омикроны давалгаа бүх улсуудад үүсэх нь тодорхой болоод байгааг сайд дурдаад шинэ жилийн үеэр Омикроны давалгаа орж ирж, нэг зэрэг олон хүмүүст халдварлах эрсдэлтэй хэдий ч манай хүн амын 80 хувь нь синофарм ба файзерын бүүстэр тунг хийлгэснээр давуу тал бий болно гэж үзэж буйг илэрхийлсэн. Омикроны халдварлах чадвар эрс өссөн бөгөөд 10 хүнээс 44 хүнд халдвар тараах эрсдэлтэй бол Дельта 10 хүнээс 8 хүнд халдвар тарааж байсныг тэрбээр мөн дурдсан.
Манай улс хилийн боомтууд дээр тандалтыг эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд Чингис хаан боомтод илэрсэн ковидын 17 эерэг тохиолдлоос Омикрон хувилбар генийн дараалал тогтоох шинжилгээгээр илрээгүй байна гэсэн мэдээллийг өгсөн.
Дараа нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсов. Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, Омикрон хувилбар нийт 50 орчим, үүнээс эс рүү нэвтрэх сэртэнгийн уургууд дээрээ 10 мутацид орсон нь халдварлах чадварыг нэмэгдүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Дельта хувилбар хоёр мутацтай байсныг тэрбээр дурдаад Омикрон хувилбарыг PCR ашиглан илрүүлэх боломжтой бөгөөд дараагийн шатанд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж баталгаажуулах боломж бүрдсэн хэмээлээ.
Урьд нь ковидын халдвараар өвдсөн хүмүүс Омикрон хувилбараар дахин өвдөх эрсдэлтэй байгааг ӨАБНУ-ын судлаачид тогтоосон бөгөөд ковидын халдвар авсны дараа файзер вакцинд хамрагдсан иргэдийн Омикроны эсрэг сийвэн дэх эсрэг биеийн титр өндөр байсан гэсэн мэдээллийг гаргажээ. Омикроны халдвараас файзер вакцины бүүстер тун 90 хувь хамгаалж байгааг Израйлийн Эрүүл мэндийн сайд мөн мэдээлсэн байна. Омикроны халдварлах чадвар нэмэгдсэн, одоогоор шинж тэмдэг хөнгөн байгаа ч өвчлөл, хүндрэл нэмэгдэх эрсдэлтэйгээс гадна вакцины үр нөлөөг бууруулж байгааг олон улсын эрдэмтэд тогтоогоод буйг тэрбээр уламжилсан.
Манай улсын хувьд омикрон хувилбар илрээгүй бөгөөд ковидын эсрэг дархлаа сэргээх вакцинжуулалтын 1 дүгээр тунг нийт иргэдийн 69.5 хувь, 2 дугаар тунг 66.2 хувь, 3 дугаар тунг нийт хүн амын 25 хувь буюу 804.290 хүн хийлгэжээ. Явуулын вакцинжуулах 40, суурин 40 цэг ажиллаж, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн 84 төв, сумын эрүүл мэндийн 333 төвд вакцинжуулалт хийж байна гэсэн мэдээллийг Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр өгсөн.
Дээрх мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд, Омикрон хувилбарыг илрүүлэх тоног төхөөрөмж бэлэн эсэхийг тодруулж байлаа. Түүнчлэн ванцины 3 дахь тунг хийлгэснээс хойш Омикроны вакцин хийлгэх шаардлага үүсэх үү, Омикроны нууц хугацаа ямар байгаа болон эмнэл зүйн ямар шинж тэмдэг илэрч байгааг тодруулсан.
Түүнчлэн вакцины хадгалалтын хугацаа дуусч байгаа гэдэг мэдээлэл хэр үндэслэлтэй, тээвэрлэлт хадгалалтын шаардлага хангаж буй эсэх, ковидын шинэ давалгаа үүсвэл иргэд юуг анхаарвал зохилтой вэ гэсэн асуултыг тавьж байлаа.
Эрүүл мэндийн сайд Л.Энхболд, Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр болон Ажлын хэсгийн бусад гишүүдийн хариулснаар, иргэдээс авсан PCR шинжилгээгээр Омикрон хувилбарыг илрүүлэх боломжтой бөгөөд дараагийн шатны генийн шинжилгээг хийн баталгаажуулах аж.
Зарим орны эрдэмтдийн баг вакцины 4 дэх тунг хийх асуудлыг ярьж байгаа ч бүүстэр тун тархалтыг бууруулахад өндөр хувиар нөлөөлж байгаа нь тодорхой болсон бөгөөд бүүстер тунд хамрагдсан хүний халдвар эсэргүүцэх чадвар сайн байгаагаас гадна Омикрон хувилбараар халдварласан ч илрэх шинж тэмдэг, өвчлөл нь хөнгөн байгаа учир олон улс үүнд илүүтэй ахнаарал хандуулж байгааг Ажлын хэсгийн гишүүд онцолсон. Ер нь Омикрон хувилбарт тохирсон вакцины судалгаа хийгдэж байгаа ч одоогоор гараагүй байна гэсэн хариултыг өгсөн.
Омикрон хувилбарын хувьд эмнэл зүйн нууц үеийн хугацаа 2.5 хоног байгаа бөгөөд гол шинж тэмдэг нь томуутай төстэй аж. Хамраас нус гоожих, ханиалгах, ядрах шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгсөн байна.
Вакцины хугацаа болон хадгалалт тээвэрлэлтэд олон улсын стандарт шаардлагын дагуу явааг Эрүүл мэндийн сайд онцолсон бөгөөд ковидын шинэ хувилбар дэлхийн 70 гаруй оронд тархаад буй энэ үед ард иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, шаардлага хангасан сайн маск зүүх, хүн хоорондын зай барих, гадны улс орон руу аль болох зорчихгүй байхыг зөвлөж, вакцины 3 дахь тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаагаа уламжилсан.
Хамтарсан хуралдааны төгсгөлд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны дарга Б.Баттөмөр, Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг яаралтай оруулж ирэн хэлэлцүүлэх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар анхааралдаа авч ажиллахыг анхаарууллаа. Тэрбээр, Омикрон хувилбар 1-2 сарын дараа дэлхий нийтэд тархах аюул нүүрлээд байгаа учир файзер вакцины 3 дугаар тунг хийх ажлаа улам идэвхжүүлэх, эрдэмтэд судалгааны ажлаа эрчимжүүлж, эрдэмтдийн судалгаанд үндэслэн цаашдын арга хэмжээгээ төлөвлөх, Омикроны эрсдэлийн судалгааг гаргахад анхаарахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.