Цэс

Холбоо барих

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Байнгын хорооны тогтоол баталлаа


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.15/ хуралдаан 10 цаг 40 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг тус  Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав.  Байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хзсэгт заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд хуулийн төсөлтэй холбогдох 8, хамт өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой 6, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолол бэлтгэжээ.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар дэмжих зарчмын зөрүүтэй 3 саналын томьёолол гаргажээ.

Түүнчлэн нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед санал хурааж дэмжсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, бүлэг, зүйл, хэсэг, заалт, эшлэлийн дугаарыг нийцүүлж өөрчлөх ажлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдох найруулгын 4 багц санал, хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох 1 саналаар санал хурааж шийдвэрлэсэн байна.


Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нарын асуултад  Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, ажлын дэд хэсгийн гишүүн, доктор О.Мөнхсайхан, ажлын хэсгийн бусад гишүүд хариулт өгөв. Мөн гишүүдийн зарим асуултад Байнгын хорооны дарга нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүдийн дийлэнх олонх нь дэмжив. Тухайлбал, нэр дэвшигчийн сонсголтой холбоотой төслийн 29 дүгээр зүйлийг өөрчлөн найруулах саналыг гишүүдийн 58.2 хувь нь дэмжлээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зоицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаар нэр дэвшигчийн сонсгол явуулахаар зохицуулав. Мөн хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурлын 9-өөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол холбогдох Байнгын хороо албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцах сонсгол зохион байгуулахаар зааж өгөв.


Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор уг хороог заавал байгуулахаар хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тусгажээ. Үүнтэй уялдуулан ажлын хэсгээс төслийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг “Түр хороо 5-19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж болно” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг дэмжив. Түүнчлэн төслийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, 37.4 дэх хэсгийг “Түр хорооны гишүүн гэрчээр дуудах, шинжээч томилох, нотлох баримт гаргуулах тухай тогтоолын төсөл санаачилсан бол тухайн асуудлыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал хураалтаар цөөнх болсон гишүүн тухайн асуудлаар үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж, гурав хүртэл удаа санал хураалшаж болно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн ажлын хэсгээс гаргасан горимын саналаар зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэний зэрэгцээ найруулгын дөрвөн багц саналаар санал хураалт явуулав. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй нийт 9 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэлээ.  


Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ажлын хэсгээс гаргасан горимын саналын дагуу эдгээр төслийг Байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулсан юм.

Хуралдааны төгсгөлд Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 4.1-д заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг Төрийн байгуулалтын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуулаар ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Удирдлагын академи, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд багтсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл