Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.17) хуралдаан 16 гишүүн хүрэлцэн ирснээр 10 цаг 50 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ
Эхлээд Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын үе шат, явцын тухай танилцуулга хийв.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар зарчмын өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэсэн зохицуулалт орсон.
Энэ үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн болохыг танилцуулгад онцоллоо.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахлахаар заасан байдаг. Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Ажлын хэсэг долоон сарын хугацаанд сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй ил тод, хүртээмжтэйгээр мэдээлэн хүсэлт, материалыг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд хүлээн авсан.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатын хүрээнд зохион байгуулсан бөгөөд Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлэн, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулав.
Сонгон шалгаруулах журамд заасны дагуу нэр дэвшигч нартай хийх томилгооны сонсголыг 2021 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан юм.
Сонсголын зорилго бол нэр дэвшигчид нь тухайн албан үүргийг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг олон нийтэд таниулах болон Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах явдал, түүнчлэн хэрэв нэр дэвшигчийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл, эргэлзээ олон нийтийн дунд байгаа бол түүнийг нь залруулах үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх боломжийг нэр дэвшигчид олгосон.
Сонсголд 21 хүн ажиглагч, оролцогчоор оролцож нэр дэвшигч нараас асуулт хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас хоёр өдрийн турш олон нийтэд шууд дамжуулсан болохыг С.Бямбацогт дарга танилцуулгынхаа төгсгөлд хэлээд “Ажлын хэсгээс оруулж ирсэн Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье” гэв.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт ахлан ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар ажиллажээ.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон юм.
Нэр дэвшигч Ц.Давхарбаярын талаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, нэр дэвшигч Д.Ариунтуяагийн талаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан нар танилцуулав. Нэр дэвшигч Д.Мягмарцэрэнгийн талаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Нэр дэвшигч Д.Эрдэнэчулууны талаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь нэр дэвшигч Х.Хашбаатарын талаар тус тус танилцуулсан.
Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа, Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат, Д.Цогтбаатар, нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүд болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авав. Дараа нь Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэр дэвшигч Ц.Давхарбаярыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 83 хувь нь, нэр дэвшигч Д.Ариунтуяаг 94.4 хувь нь, нэр дэвшигч Д.Мягмарцэрэнг гишүүдийн олонх, нэр дэвшигч Д.Эрдэнэчулууныг санал хураалтад оролцсон 17 гишүүний 76.5 хувь нь, нэр дэвшигч Х.Хашбаатарыг санал нэгтэйгээр тус бүрд нь дэмжив. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, С.Бямбацогт дарга Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын үе шат, явцын тухай танилцуулга хийсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.” гэсэн зохицуулалт орсон. Энэ үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахлахаар заасан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан болохыг танилцууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 31 хүн материалаа ирүүлсэн ч хууль, журамд тусгагдсан шаардлагыг хангасан 29 хүнийг бүртгэж, хоёр хүнийг бүртгэхээс татгалзсан байна. Сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна. Сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул сонгон шалгаруулалтад 23 хүн оролцжээ.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатын хүрээнд зохион байгуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулж буйгаа Байнгын хорооны дарга хэллээ.
Сонгон шалгаруулах журамд заасны дагуу нэр дэвшигч нартай хийх томилгооны сонсголыг 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан талаар тэрбээр дурдав.
Сонсгол нь нэр дэвшигчид нь тухайн албан үүргийг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг олон нийтэд таниулах болон Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах зорилготой. Түүнчлэн хэрэв нэр дэвшигчийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл, эргэлзээ олон нийтийн дунд байгаа бол түүнийг нь залруулах үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх боломжийг нэр дэвшигчид олгосон. Сонсголд ажилагч, оролцогчоор 21 хүн оролцож нэр дэвшигч нараас асуулт хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас хоёр өдрийн турш олон нийтэд шууд дамжуулсан болохыг дурдлаа.
Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг нарын талаар сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан тус бүрд нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Баасанжавын талаар сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцуулав. Нэр дэвшигч Р.Онончимэгийн талаар сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нь нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамын талаар, сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат нь нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэгийн талаар тус тус танилцуулга хийлээ.
Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Н.Учрал, Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар асуулт асууж, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авав. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нэг бүрийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь нэр дэвшигч Н.Отгончимэгийг дэмжсэн бол гишүүдийн олонх нь Д.Эрдэнэчимэг нэр дэвшигчийг дэмжив. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Н.Баасанжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 12 нь, нэр дэвшигч Р.Онончимэгийг гишүүдийн 80 хувь нь тус тус дэмжсэн. Түүнчлэн нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг гишүүд 60 хувийн саналаар, нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэгийг гишүүд 86.7 хувийн саналаар тус тус дэмжсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг томилохтой зэрэгцэн одоо үйл ажиллагаагаа явуулж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох бөгөөд үүнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар С.Бямбацогт дарга хуралдаанд танилцуулсан юм. Мөн тэрбээр “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилох тухай” болон “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар тус тусад нь танилцуулсан юм. Төслүүдэд, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг томилуулахаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг томилуулахаар тусгасан байна.
Ийнхүү Шүүхийн сахилгын хорооны болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 7 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлсэн. Уг мэдээллийг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж заасан нь хохирогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхийг орхигдуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж 2021 оны 7 дугаар дүгнэлтийг гаргасан. Улсын Их Хурал 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэн 80 дугаар тогтоолыг баталсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.5-д “хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж, 82.2.7-д “энэ хуулийн 82.2.5-д заасан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй;” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул С.Бямбацогт гишүүн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.