Эмхэтгэлийн шинэ дугаарт Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.
Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор дээрх хоёр хуульд заасан байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийн тухай, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.
Эмхэтгэлийн 42 дахь дугаарт Тогтоолд нэмэлт оруулж, журам батлах тухай, Техникийн зохицуулалт батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Засгийн газрын тогтоолуудаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”, “Агаарын чанарын техникийн зохицуулалт”, “Усны чанарын техникийн зохицуулалт”, “Хөрсний чанарын техникийн зохицуулалт”-ууд тус тус баталсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 07 тоот дүгнэлтийг нийтэлсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.