Цэс

Холбоо барих

“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2021.12.22) Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.  

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан юм.

Ажлын хэсэг гадаадын хөрөнгө оруулагчтай үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд хөрөнгө оруулагч талаас Ажлын хэсгийн саналыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

- Оюу толгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

- Оюу толгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

- Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

- Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.


Энэхүү тогтоолын төсөл Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэн батлагдснаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд нийцүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл