Цэс

Холбоо барих

“Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.


Дөрөв дэх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.01.17) “Төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Васеда Их Сургуулийн Улс төр, эдийн засгийн факультетийн профессор Инацүгү Хироаки болон Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөл болох 260 гаруй албаны хүмүүс цахимаар оролцов. Цахим хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа удирдан явуулсан юм.



Монгол Улсын төрийн албаны бүтээмж, чадварыг дээшлүүлэх, хараат бус өндөр ёc зүй бүхий төрийн албыг төлөвшүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж байгаа талаар Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов. Тэрбээр, “Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх сард тохионо. Энэхүү түүхт ойг тохиолдуулан “Япон лугаа адил хөгжье” уриалгын дор Япон Улсын хөгжлийн замнал, загвараас суралцах зорилго бүхий энэхүү цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ бол Японы хөгжлийн загвар болон тогтолцоог шууд хуулбарлан гэсэн үг биш. Ололт амжилтад хүрсэн туршлагаас суралцаж, өөрийн орны нөхцөл байдалд зохицуулан хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Бидний энэхүү уриалгыг дэмжиж, санал санаачилга гарган, цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлье. Монгол Улс ардчилал, зах зээлийн замаар замнасан өнгөрсөн 30 жилийн туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэж, ирээдүйн зорилтоо шинэчлэн тодорхойлох бодлого, зорилт дэвшүүлж байгаа энэ үед бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Япон Улсын тогтвортой мэргэшсэн, бүтээмж өндөртэй төрийн албаны тогтолцоо болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн талаарх жишээ, туршлага бидэнд маш чухал ач холбогдолтой” хэмээв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлээд “Японы төрийн албан хаагчийн үйлдэл ямагт ёс зүйд нийцсэн байх ёстой гэдэг үүднээс төрийн албан хаагч бүрт ёс зүйн карт тараан өгдөг. Үүнийгээ байнга биедээ авч явахыг даалгадаг. Ёс зүйн карт дээр таван зүйлийг бичсэн байдаг. Үүнд, “Нийт ард түмэнд үйлчлэх ёстой гэдгээ ухамсарлан ажил үүргээ шударгаар биелүүлж байна уу, Ажил албан тушаалаа хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй, ард иргэдэд хардлага, үл итгэх байдлыг төрүүлэхүйц үйлдэл хийхгүй байх, улсынхаа эрх ашгийг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажил үүргээ биелүүлэх, ажлын бус цагаар хийж буй үйлдэл ч төрийн албан хаагчид итгэх итгэлд нөлөөлнө гэдгийг ухамсарлаж байна уу” хэмээн бичсэн байдаг.  Япон Улс бусад улс орны тогтолцоог судлан өөрийн оронд тохирсон тогтолцоог бий болгосон. Өнөөдөр Монгол Улсын төрийн албан хаагчийн тогтолцоог шинэчлэхэд Японы төрийн албан хаагчийн тогтолцоо болон албан хаагчийн ёс зүйн талаар судлан ашиглах сайхан боломж байгаасай гэж хүсч байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ онцлон тэмдэглэв.


 Үүний дараа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өөрийн санаачилсан “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл”-ийн талаар товч танилцуулга хийв.

Үргэлжлүүлэн Васеда Их Сургуулийн Улс төр, эдийн засгийн факултетийн профессор Инацүгү Хироаки “Японы төрийн албаны тогтолцоо ба захиргаа”, “Японы төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвүүдээр илтгэл тавилаа. Тус илтгэлд хүний нөөцийн удирдлагын бүтэц механизм, Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн хөгжил, цалин, хүний нөөцийн үнэлгээ, орон нутгийн төрийн албан хаагчийн тогтолцоо зэрэг сэдвүүдийг дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн “Японы төрийн албаны тогтолцоо ба төрийн албан хаагчийн ёс зүй” илтгэлд Төрийн захиргааны байгууллага болон улс төрийн харилцаа, Төрийн албан хаагчийн тогтолцооны шинэчлэл, Засгийн газрын Хүний нөөцийн газар байгуулсан нь зэрэг сэдвүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцов.


 Хэлэлцүүлгийн төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол орны өнцөг булан бүрээс төрийн бүх шатны  албан хаагчид өргөнөөр оролцлоо. Маш сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Бидний зүгээс төрийн албаны тогтолцоо, ёс зүйн чиглэлээр маш сайн мэдээллийг авч чадлаа. Монгол Улс төрт ёсны эртний уламжлалтай. Орчин үеийн хөгжилтэй уялдуулж байгаа. Үүнийг уялдуулахад 90-ээд оноос хойш манай нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт огцом өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ өөрчлөлтийг зөв манлайлж байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид. Цаашдаа ч манлайлахын тулд та бүгдийн өгсөн зөвлөгөөг дагаж, ажилдаа үе шаттайгаар тусгах болно. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье” хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

          

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл