“Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 02 дугаар тогтоолоор тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараар ахлуулан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байгаа юм.
Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон УИХ-ын гишүүдээс “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” тус бүрээр УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг баримтлан явуулжээ.
Ажлын хэсэг тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацааг тодорхой заах, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл хангах, Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг зарчмын зөрүүтэй 12 санал, найруулгын 2 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Баярсайхан нар асуулт асуусан. Гишүүд гурван журмын нэгийг хэлэлцүүлэхээр оруулж ирсний учрыг тодруулсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Засгийн газраас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсантай холбогдуулан гурван журам багцаар нь хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ярьж байгаад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Зөвлөл байгуулах журмыг өнөөдөр оруулж ирж байгаа юм. Нөгөө хоёр нь буюу ИТХ-ын төлөөлөгчийг эргүүлэн татах журам, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхөд санал авах журмыг Ажлын хэсэг дээр дахин ярилцья гээд үлдээсэн. Энэ журмуудыг нухацтай ярилцах хэрэгтэй. Улс төржсөн асуудал орон нутагт өрнөж, бүтэн жилжингээ бие биеэ эргүүлэн татах асуудлыг тавьсан, маргаан дагуулсан, нөхөн сонгууль зарласан байдал руу түлхэх нөхцөл бүрдэх нь гэж үзсэн. Жишээ дурдахад, оруулж ирсэн журмын төсөл дээр тухайн тойргийн сонгогчдын 10 хувь нь гомдол гаргавал тойргоос сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэнэ гэж байгаа. Гэтэл хөдөө сум 5-6 багтай. Нэг багт 200-300 сонгогч бий. Гэтэл эдгээр сонгогчийн 10 хувь буюу 20-30 хүн гарын үсэг зураад тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчийг эргүүлэн татах асуудал үүсгэх нөхцөл байдал руу орох эрсдэлтэй байдал үүсч байгаа юм. Энэ нь хот хөдөөгүй хэрэлдүүлсэн, талцуулсан, улстөржүүлсэн, гомдол гаргасан, нөхөн сонгууль зарласан маргааны талцал бий болж, сонгуулиас сонгуулийн хооронд бужигнах нөхцөл үүсгэх учир цаашдаа ийм заалтыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас хасах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсэг нухацтай ярилцаж байж шийднэ гээд үлдээсэн. Тиймээс өнөөдөр ИТХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор дээрх журмыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн гэсэн хариултыг өгсөн.
Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг дэмжив
Мөн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.
Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Дипломат албаны тухай хуульд заасныг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохоор танилцуулж байна гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Наранбаатар аймаг, сумуудыг Бүгд Найрамдах Солонгос Улсын ижил төстэй муж, хоттой холбох, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулахад хамтарч ажиллах, боловсролын болон эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг, туслалцаа үзүүлэх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ковидын дараах эдийн засгийг сэргээхэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Д.Ганбат хил, гааль хаалттай, юмны үнэ өссөн энэ үед гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажиллах, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ аль болох ойр, холбоотой байхад анхаарч ажиллахыг сануулаад, нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьсан талаар Гадаад харилцааны сайдаас асуулт асууж хариулт авчээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ эдийн засагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулахад бодит үр дүн чухал учир энэ асуудалд анхаарах, булангийн орнуудтай хамтарч ажиллан хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ нягт холбоотой байж эрх ашгийг нь хамгаалах, дэмжих, зах зээлээ тэлэх, эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх, ижил тэнцүү, эрх тэгш, харилцан уялдаатай хамтарч ажиллах, бүс нутгийн аюулгүй байдалд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн С.Батболд гадаад харилцааны салбар мерит зарчмаа барьж цаг тухайд нь асуудлаа хэлэлцүүлж байгааг дэмжиж байна гээд Ковидын дараах улс орнуудын харилцааг хүрсэн түвшинд байлгахын зэрэгцээ илүү сайн зүйлүүдийг санаачилж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Н.Энхболд гадаад харилцааны салбар нь улс төрждөггүй, төрийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай зөрсөн, аливаа асуудал гаргасан элчин сайдуудыг буцаан татах, энэ асуудлыг жижиг гэж орхилгүй анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг тус тус гарган, зарим нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг томилохыг дэмжлээ.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталлаа
Дараа нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг танилцуулав.
“Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах тухай Вөнийн конвенц, “Озоны үө давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үөд 99 хувь хэрэглээнээс гаргаад байна.
Монреалийн Протоколд нэгдэн орсон улс орнууд Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно” гэлээ.
Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс орон энэхүү “Монрөалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн ороод байгаа бөгөөд манай улс нэгдэн орох нь улс орнуудад шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж. Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалын нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулсан байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлахыг санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Тэрбээр, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөх, хэлэлцүүлэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.4-т заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ ирүүлсэн.
Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авсан ба цаашид олон улсын гэрээнд нэгдэн орох асуудал дээр гарах үр дагавар, хэрэгцээ, шаардлагыг анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргасан.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.14.3-т заасныг үндэслэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.0 хувийн саналаар дэмжиж, эцэслэн батлуулахаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна” гэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар боловсруулсан анхдагч хуулийн төсөл 7 бүлэгтэй юм байна.
Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн үзэж буй аж.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэхээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой гэж сайд танилцуулсан юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ гэлээ.
Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэхээс гадна биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээлээ.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Тэрбээр, “Төсөл санаачлагч Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа тул уг хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлжээ.
Уул уурхайн бирж байгуулагдсанаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэх, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих таатай нөхцөл бүрдэх, уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах, үүнийг дагаад техник технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох, арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох ач холбогдолтой гэж үзсэн байна.
Тус Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эрдэс түүхий эдийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын тээвэр логистик, боловсруулах асуудлыг нь онцгой анхаарах, уул уурхайн биржийн үйл ажиллагааг орчин үеийн шинжлэх ухаанд суурилсан байдлаар хуулинд тусгах, биржийг байгуулахад гарах эрсдэлээ судлах, УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ хуулийн төсөл нь томоохон ашиг сонирхолтой, улсын урт хугацааны эдийн засгийн системийн асуудлууд тул сөрөг хүчний оролцоог хангах, уул уурхайн төрийн өмчит компаниуд болон хувийн хэвшлийн компаниудын оролцоог нэмэгдүүлэх, газар доорх нөөцөд хөрөнгө оруулалт хийхэд эрх зүйн орчныг бий болгох, ажлын хэсэгт орж ажиллах, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үзэл санааг өөрчлөхгүй байх, чөлөөт өрсөлдөөнийг нэмж хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллах, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэг цонхны бодлогоор борлуулалтаа хийх, төрийн болон хувийн хэвшлийн оролцоог ижил түвшинд хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах, газрын доорх баялгаа үнэлэхэд анхаарах, биржийн үнэлгээгээ зөв хийхэд анхаарч ажиллах гэсэн саналыг хэлж хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.