Цэс

Холбоо барих

“Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлэг болов

    Хууль тогтоогчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн хамтран өнөөдөр (2022.01.12) зохион байгууллаа.


    Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нарын цахим илтгэлийг оролцогчдод танилцуулсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ хэвлэл мэдээллийн салбар чөлөөт тогтолцоонд дасан зохицох үе шатаа туулан, техник, технологийн шинэ нөхцөл байдал, хэрэглэгчдийн шинэ үетэй нүүр тулан учирч, уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөн, нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хууль тогтоомжоо ч шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна гээд Улсын Их Хурлаас сэтгүүлчидтэйгээ хамтран тодорхой арга хэмжээ зохион байгуулах болно гэж онцлов. Мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын арга механизмуудыг хэвшүүлж, маргаан гарсан тохиолдолд сэтгүүлч болон бусад талыг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлдэг, иргэний няцаах эрхийг хангадаг зэрэг шинэ тогтолцоо бүрдүүлэх нь чухал талаар тэмдэглэлээ.


    Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь ардчиллын хөгжил ба Үндсэн хууль” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлээрээ Үндсэн хуулийн хүний эрх, хэвлэн нийтлэхтэй холбоотой зарчим болон Үндсэн хуулийг хамгаалахад хэвлэлийнхний оролцооны талаар хөндөв. Мөн сэтгүүлч Б.Галаарид “Ардчилсан сэтгүүлзүйн өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө-эрх зүйн орчин” сэдвээр, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөлөл Т.Амарзаяа “Иргэний нийгмийн орон зай-үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ “Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал илтгэлдээ “Бидний мэдээлэлтэй байх эрхийг товчхоноор мэдэх эрх гэж нэрлэдэг.  Гэхдээ гагцхүү үнэн зөв мэдээлэл хүлээж авснаар мэдэх эрх хэрэгжих боломжтой. Мэдэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх үндэс” хэмээн онцолсон. Тэрбээр мөн “Нэгэн цагт хэвлэл мэдээллийн байгууллага гэж телевиз, радио, сонин, сэтгүүлийг ойлгодог цаг нэгэнт ард хоцорч, цахим орчин гэх маш том виртуал нийгэмд бид мөр зэрэгцэн амьдарч байна... Монгол Улс нь бүс нутгийн орнуудыг бодвол хүнийг цахим орчинд мэдээлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангаж, нийгмийн сүлжээний аливаа хязгаарлалт, хориглолт хийгээгүй бөгөөд ялангуяа цахим орчинд мэдээллийг түгээх, нийтлэх эрх чөлөө хэн бүхэнд нээлттэй байдаг. Монгол Улс Хил хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагын 2020 онд хийсэн судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний индексээр 68 дугаарт буюу Япон улсын ард жагссан нь үүнийг нотолж байна гэж үзэж байна. Энэ бол бидний сүүлийн 30 жилд цогцлоосон амжилт.

Цахим орчинд бид идэвхтэй амьдрах болсноор иргэн бүр хэвлэн нийтлэгч болох бүрэн боломж бүрдсэн нь нэг талдаа том ахиц дэвшил боловч нөгөө талдаа шийдвэрлэх шаардлагатай, бодолцох ёстой том асуудлыг дагуулж байна. Өмнө нь дурдсанчлан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бусдын хууль ёсны эрх ашиг, нэр төр, алдар хүнд, түүнчлэн бусдын үнэн зөв мэдээлэл олж авах эрхийг хөндөхгүй байх учиртай. Үүнийг цахим орчинд хэрэгжүүлэхийн тулд тодорхой цензур, үүрэг хариуцлага хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч уг үүрэг хариуцлагыг хэтрүүлэн, буруу ашиглавал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах эрсдэлтэй тул туйлын няхуур хандах шаардлагатай юм.

...Үзэл бодолтой байх эрх, илэрхийлэх эрх чөлөөний зарчмууд  цахим хэвлэл  мэдээлэлд  ч  үйлчлэх  ёстой.  Гэтэл  “Тоон  контентын  үйлчилгээний зохицуулалтын  ерөнхий  нөхцөл,  шаардлага”-ын  7.1  дэх  хэсэгт  заасны  дагуу хэрэглэгчдийн  хандалтын  дундаж  тоо  нь  нэг  сарын  туршид  өдөрт  3000-аас давсан  тохиолдолд  тухайн  цахим хуудас  ХХЗХ-д  бүртгүүлж,  7.3  дахь  хэсэгт зааснаар  “...шүүлтүүр  программ  заавал  ашиглах”-ыг  цахим  хуудас  эрхлэгчдэд үүрэг  болгосон  байдаг” гээд дээрх асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдэхийг хичээж байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мөн хэвлэл мэдээллийн салбарын харлцааг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон Үндсэн хууль  дахь  хэвлэн  нийтлэх  эрхийг  зөв  хэрэгжүүлэх зорилгоор  юу хийж болох талаар саналаа илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэв.


    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэлэлцүүлэгт оролцож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа танилцуулаад тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлаар ирэх долоо хоногт шийдвэрлэх учир цаг үеийн энэ асуудалд анхаарал хандуулаасай гэсэн үүднээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч буйг дурдлаа. Хуулийн төсөлд төрийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий этгээд төрийн албан тушаалтны хувиар Эрүүгийн хуулийн гүтгэх гэсэн зүйл ангиар цагдаад гомдол гаргахгүй гэсэн тайлбар бүхий зохицуулалт тусгасан байна.






    Төгсгөлд нь оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал, байр сууриа хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл