Цэс

Холбоо барих

ИЦББХ: УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсад цахим шилжилт хийх хууль, эрх зүйн орчныг бүрдүүллээ


    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2022.01.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Саранчимэг нар оролцов.

    Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дангаараа болон Хууль зүйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороотой хамтран нийт 8 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 5 хуулийн төслийг батлуулжээ. Эдгээр хуулийг баталснаар Монгол Улс дэлхий дахинаа өрнөж буй аж үйлдвэрийн IV хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, цахим шилжилт хийх хууль, эрх зүйн орчин бүрдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Н.Учрал онцлон тэмдэглэлээ.

    Улсын Их Хурал 2018 онд анх Цахим бодлогын түр хороог байгуулсан бөгөөд энэ хүрээнд Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай зэрэг харилцаа холбооны салбарын суурь хуулиудын хэрэгжилтийг хангуулах, салбар бүрд хэрэгжүүлж буй мэдээллийн технологи болон программ хангамжийн төсөл, хөтөлбөрүүдэд шалгалт хийж, дүгнэлт гаргах, нийгэмд хандсан нөлөөллийн аянуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Түүнчлэн төрийн цахим шилжилтийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газарт тогтоолоор үүрэг чиглэл өгснийг тэрбээр дурдав. Энэ хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй 8 дахь удаагийн Улсын Их Хурал хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн төрийн эрх барих эрхийг хэрэгжүүлэх эрхийг хангах lawforum.parliament.mn, хууль тогтоогчдод зориулсан lawmaker.parliament.mn цахим платформыг ашиглаж эхэлсэн юм. Түүнчлэн цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа; мэдээллийн технологийн хөгжил; харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа; өндөр технологи, үндэсний инновацын бодлого; дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл; инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого; инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого; инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого; инновацын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлогын асуудлыг эрхлэх Инновац, цахим бодлогын байнгын хороог анх удаа байгуулсан гэдгийг дурдав.


    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо дараах таван хуулийг батлуулсан юм.

    Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан  “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаажуулж 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод, нээлттэй байлгаж, шинэчилж байх үүргийг мэдээлэл хариуцагчид олгосон.

    Тухайлбал, аль төрийн байгууллагад ажлын байрны сул орон тоо байна тэр орон тоонд өрсөлдөх өргөдлөө өгөх боломж гарна, сүүлийн үед хамгийн их хэл ам талдаг, авлига ашиг сонирхлын зөрчилд өртдөг гэдэг асуудал бол тендер байдаг тэгвэл энэ хуулиар тендерт шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаанаа нээлттэй байлгахаар заасан. Ингэснээр хуудуутай тендер явуулсан бол тэр нь ил тод харагддаг үүнээс шалтгаалан хариуцлагаа хүлээх нөхцөл үүснэ гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүс улсын зардлаар өөрийн хүүхдээ үнэгүй сургадаг гэх мэтийн шүүмжлэл ихээр гарах болсныг Та сайн мэдэж байгаа. Улсын зардлаар хэний хүүхэд ямар шалгуураар сурсан нь бүгд тодорхой болно. Түүнчлэн хх дүү, амраг садангаасаа хол хүний нутагт хүнд хүчир ажил хийн хэдэн төгрөг цуглуулан орон байр худалдан авсан ч нөгөө байр нь ашиглалтад ороод нэг жил ч хүрэхгүй хугацаанд бидний хэлдгээр зэс нь цухуйдаг улсын комисс яагаад ийм муу байр авсан бэ гэх асуудал гарсаар л байна. Энэ асуудлыг шийдвэрлэж барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт нь нээлттэй ил тод байхаар заалаа. Энэ мэтээр эдгээр 68 мэдээлэл нь бүгд иргэнд үр өгөөжөө өгөх юм.

    Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль:  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.

    Энэ эрхийг баталгаажуулах зорилгоор Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийгболон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хүний хувийн мэдээлэл гэж тодорхойлж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа.

    Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл мэдээллийг хэрхэн ашиглах, юунд ашиглах гэх мэт зорилгоо мэдээллийн эзэнд заавал мэдэгддэг байхаар зохицуулсан. Түүнчлэн мэдээллийн хэрхэн цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг нарийн тодорхой хуульчилсан. Ерөөс иргэний эрхийг л бүхий л талаар хангахаар зорьсон. Энэ хуулийн бас нэг онцлог зохицуулалт бол хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, Улсын Их Хурлын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон.

    Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээний байгууллагууд гарын хурууны хээ ашиглан гишүүнчлэлийн хөнгөлөлт үзүүлдэг, банк, санхүүгийн байгууллагууд хурууны хээ уншуулдаг асуудал байхгүй болно гэсэн үг. Эдгээр байгууллагууд мэдээллийн нууцлалыг чанд хадгалдаг хэдий ч хэн нэгэн хариуцлагагүй хүний үйлдлээс шалтгаалан алдагдах эрсдэл байна л гэж харж байна. Учир нь гэмт хэрэг гарахад хэргийн газрын үзлэгт хамгийн түрүүнд гарын хурууны хээг бэхжүүлэн авдаг гэдгийг хэлэхэд ямар ач холбогдолтой болон эрсдэлтэй гэдэг нь ойлгогдох байх.

Хуучин хуулиар хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан бол шинэчилсэн найруулгаар хүний хувийн мэдээллийг хувь хүнээс гадна ажил үүргийн хувьд мэдсэн мэдээлэл хариуцагч давхар хамгаалдаг байхаар зохицуулсан. Түүнчлэн мэдээллийн эзний болон мэдээлэл хариуцагчийн эрх үүргийг маш тодорхой зохицуулсан.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчид мэдээлэл гаргах эрхгүй боллоо гэх мэт шүүмжлэл гарсан. Өргөн мэдүүлсэн төслөөр сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэж орж ирсэн. Үүнийг сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл цуглуулахад заавал мэдээллийн эзний зөвшөөрөл авах шаардлагагүй гэж өөрчлөн найруулсан. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн хардаад байсан асуудлыг зохицуулсан гэсэн үг.

    Мэдээлэл хариуцагч мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар бүхий л арга хэмжээг авахыг үүрэгжүүлсэн. Саяхан Засгийн газрын бүтцэд Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах өөрчлөлт орсон. Энэ яам хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг давхар гүйцэтгэнэ.

    Түүнчлэн хүний хувийн мэдээллийг алдсан, халдсан бол оногдуулах ялын бодлого нь чанга байх ёстой гэж Байнгын хорооноос үзэн Эрүүгийн хууль дахь ялын бодлогыг чангатгаж хорих ялын хэмжээг нэмэгдүүлсэн. Хүн бүрд хувийн орон зайг хамгаалах бол төрийн үүрэг. Ийм ч учраас дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах зорилгыг тодорхойлсон.

    Өөрөөр хэлбэл зөвхөн нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, түүнд дүн шинжилгээ хийх зорилгоор л камер байршуулахыг зөвшөөрсөн. Энэ бүх зохицуулалт иргэн бүрд үр өгөөжөө өгнө итгэлтэй байна.

    Цахим гарын үсгийн тухай хууль: Төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах, иргэдийн цаг, зав, хөрөнгийг хэмнэх зорилгоор Цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн дараа Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан юм.

    Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрөөс нийт 30399 тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдэд олгосон бөгөөд эдгээр 30 гаруй мянган гарын үсэг бол ерөөс тендерт орох зорилгоор л хуулийн этгээдүүд авсан байна. Ийм ч учраас тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх төрийн байгууллага, иргэд хоорондын өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн нэвтрүүлэх шаардлага бий болоод байсан.

    Цахим гарын үсгийн тухай хуулийг шинэчлэн баталснаар цаашид иргэд, хуулийн этгээд гэрээ хэлцэл хийх, иргэд төрийн байгууллагад заавал биечлэн ирэхгүй өргөдөл гомдлоо цахимаар гаргахдаа тоон гарын үсгээ ашиглан цаг зав, мөнгө хөрөнгөө хэмнэх гэх мэт олон талын үр өгөөжөө өгөх болно. Улсын бүртгэлийн байгууллага 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүрд нэг удаа үнэ төлбөргүй тоон гарын үсэг олгохоор зохицуулсан. Харин 5 жил тутам тоон гарын үсгийн хугацааг сунгах боломжтой болох юм.


    Инновац, цахим бодлогын байнгын хороо цаашдын ажлын төлөвлөгөөндөө энэ чуулганаар баталсан дээрх хуулиудын хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарч ажиллахаар тусгаад байгааг Н.Учрал гишүүн хэлэв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй цахим хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулан байгуулсан гэдгийг дурдав. Ирэх хаврын ээлжит чуулганаар тус ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсож, Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр, арга хэмжээг шат дараалалтай хийх болно гэлээ. Мөн боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж байгаа цахим шилжилтийн явцын талаарх мэдээлэлтэй танилцсан бөгөөд тун амжилттай үргэлжилж буйг дурдав.

    Монгол Улс цахим шилжилт хийж, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлснээр авлигагүй, хүнд сурталгүй, шуурхай байдлаар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, сайн засаглалыг бий болгох нөхцөл бүрдсэн гэдгийг Б.Саранчимэг гишүүн тэмдэглэв.

Г.Амартүвшин: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг төр бүртгэж байгаа нь тухайн виртуал хөрөнгөд баталгаа гаргаж өгч буй хэрэг биш. Иргэд, оролцогчид эрсдлээ өөрсдөө хүлээнэ

    Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны намрын ээлжит чуулганаар батлуулсан хуулиудаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг онцоллоо.

    Дэлхий дахинд өргөн тархаж буй блокчэйн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол Улсад ч өргөн дэлгэрч ялангуяа сүүлийн саруудад виртуал хөрөнгийн арилжааны платформын тоо ихээр нэмэгдэж, койн, токен гаргах нь олширч, олон нийтээс хөрөнгө татахын зэрэгцээ иргэд, олон нийт эдгээрт хөрөнгө оруулах сонирхол нь өсөн нэмэгдсээр байна.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид өртөх, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлага үүссэн болохыг дурдаж байв.


    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь виртуал хөрөнгийн зах зээл дээр үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, түүнтэй холбоотой эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон суурь харилцааг зохицуулсан анхдагч хууль юм.

    “Виртуал хөрөнгө” гэх нэр томьёог хуульд тодорхойлсон ба эдийн бус хөрөнгөд хамааруулахаар зохицуулсан. Гэхдээ виртуал хөрөнгө нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш юм.

    Виртуал хөрөнгийг зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулан нийтэд санал болгох, худалдах бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй компаниудын (хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны байх, мэдээлэл, технологийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологитой холбоотой мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хийсэн болон эрсдэлийг бууруулах, удирдах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх зэрэг) болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор баталсан бусад журмуудад заасан шаардлагуудыг хангаснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх боломжтой болж байна.

    Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ хуульд заасан дээрх журмуудаар тодорхойлсон үүрэг, шаардлагыг хангаж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн тохиолдолд үйл ажиллагаандаа харилцагчдаа таньж мэдэх, тэдгээрийн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг тогтоох, виртуал хөрөнгийг эзэмших, арилжихад учирч болох техникийн болон залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болох эрсдэлүүдийг урьдчилан харилцагч нарт танилцуулах үүргийг биелүүлж ажиллах талаарх зохицуулалтыг тусгасан байна.

    Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тухайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, эдгээртэй холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулах буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зохистой засаглал, үйл ажиллагаа, тайлан мэдээнд тавигдах шаардлага, тохиромжтой этгээдийг тодорхойлох, хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийн хэмжээг тогтоох, үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх, хязгаарлалт тогтоох, түр зогсоох зэрэг асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамааруулан зохицуулалтыг тусгасан.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй гэдгийг тэрбээр онцлоод “Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх түүнчлэн виртуал хөрөнгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглосон бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд болох тул тухайн хуульд заасан үүргүүдийг хэрэгжүүлж ажиллана” гэлээ.


    Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхэлсэн, үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгож худалдсан, өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжих, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, эсхүл үүргээ хэрэгжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр, мөн түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан тохиолдлуудыг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан болохыг Г.Амартүвшин гишүүн тайлбарлав.


    Энэ хууль батлагдсанаар төвлөрсөн бус тархмал систем (блокчэйн), дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, виртуал хөрөнгийг хүлээн зөвшөөрдөг, цахим шилжилтийг дэмжсэн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох харилцааг зохицуулсан эрх зүйн орчинтой улс орон албан ёсоор болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, цаашид эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. 

    Бусад улс орны жишгийг харахад, бүрэн хориглох, эсвэл тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалттай болгож байгаа бөгөөд Монгол Улс энэ дагуу холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэдгийг тэрбээр дурдсан юм.

Э.Батшугар: Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг баталлаа

    Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа анхдагч хууль бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд энэ асуудал яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар онцлов.

    Технологийн хөгжилтэй зэрэгцээд шинэ төрлийн цахим гэмт хэргийн тоо олон улсын хэмжээнд ч, Монгол Улсын хэмжээнд ч олноор бүртгэгдэх болсныг тэрбээр дурдаад “Ойролцоогоор 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний крипто валют одоогоор цахим гэмт хэргийн халдлагад өртсөн гэх мэдээлэл байна. Энэ мэт нөхцөл байдлын улмаас Монгол Улс энэ чиглэлд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэн” гэв.

    Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдэж, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах боломж бүрджээ.

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж, үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг хэрэгжүүлнэ.

    Засгийн газар үндэсний хэмжээний кибер халдлагын үед ажиллах төлөвлөгөө, стратеги, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт зэрэг баримт бичгийг батлахаар заажээ. Түүнчлэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд, Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг Үндэсний төв, бусад иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг Нийтийн төв тус тус хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүргийг хуулиар хүлээх юм.


    Мөн Зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг хуульд тусгасан байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай болон Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль нь ердийн журмаар хэрэгжиж эхэлнэ гэдгийг Байнгын хорооны дарга онцлон мэдээллээ. Тус хууль хэрэгжиж эхэлмэгц виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг шинээр бүртгэхийг хориглож, шаардлагатай журам, стандартыг боловсруулж батлах болно гэв. Үүнээс хойш дөрвөн сарын хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй бирж бүртгэлээ хийлгэх боломжтой гэв. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу бүх төрлийн виртуал хөрөнгө, койныг олон нийтэд суралчлах, олон нийтийн үйл ажиллагааг ивээн тэтгэхийг хориглож байгаа зохицуулалтыг онцолж, дэлгэрэнгүй тайлбар хийлээ.

    Аж үйлдвэрийн IV хувьсгалд манай улсын хувьд үндэсний кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, улс орны хөгжил, аюулгүй байдалд түлхэц болох, цаашлаад үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн аюулгүй байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа амин чухал хуультай болж байгааг Байнгын хорооны дарга Н.Учрал онцоллоо.


    Ийнхүү Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хорооны үйл ажиллагааны тайланг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснөөр хэвлэлийн хурал өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл