Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.29) 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байна.
Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөллөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулав.
Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхэд тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэр мөнгөн хөрөнгийн хувьд боломжтой боловч нэгдсэн төсвийн алдагдлын хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хэмжээнд барих шаардлагатай тул нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөлөө гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд яг хэдэн тэрбум төгрөг аль төсөв дээр тавигдаж байна вэ. Тэтгэврийн доод хэмжээг инфляцтай уялдуулан нэмж байна уу, нэг удаагийн арга хэмжээ юу хэмээн тодруулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Төсөвт төлөвлөснөөс давж орсон орлого 320 гаруй тэрбум төгрөг байгаа. Түүнчлэн тэвчиж болох зардлууд мөн 300 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Эдгээрийг төсвийн тодотголоор оруулж ирж байна. Нийт инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байна гэж ойлгож болно. Нийт тэтгэврийг 15 хувиар нэмж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэе, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэе гэж байгаа. Энэ арга хэмжээнд нэмэлтээр 637.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. 499 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тэтгэврийг 500 мянга болгоод нэг мянган төгрөг нэмж байгаа юм уу гэж хүмүүс асууж байна. Тийм зүйл байхгүй. Бүх хүмүүсийн тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж байгаа гэсэн хариулт өгсөн.
Эцэст нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.