Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 01 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.


Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн тайлбарыг “Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүн гарах хүртэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно.” хэмээн өөрчлөн найруулсан байна.

Мөн дугаарт Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийг соёрхон баталсан хуулийг хэлэлцээрийн хамт нийтэлсэн байна.

Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 ra байхаар тогтоосон бөгөөд Засгийн газрын мөн оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг байгуулсан байна. 

Улмаар Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгдээд байгаа аж.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичгийг байгуулах, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх ажлын хүрээнд 2016 оны тавдугаар сард Замын-Үүд, Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөнд гарын үсэг зурагдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чөлөөт бүсүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж, экспорт болон дотоодын зах зээлд чиглэсэн худалдаа, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах, ажиллах хүчний хангалттай нөөцтэй, аж үйлдвэрийг хөгжүүлэх тааламжтай орчин бүрдсэн бүс нутгийг сонгон хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулна” гэсэн заалтууд тусгагдсан.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /“3.1.11.”эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг” гэж,  “6.5.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ”/-ийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурал баталснаар хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хууль, эрх зүйн орчин бүрдсэн.

Чөлөөт бүсийн тухай хууль болон Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар тус бүсийн хууль, эрх зүйн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалт, бараа үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал хөгжих, цаашлаад бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн шинэ гарц, боломжууд нээгдэж буй аж.

Түүнчлэн Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор баталсан “Монгол Улсын визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журам”-ыг бүрэн эхээр нь нийтэлжээ  хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл