“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.
Чөлөөт бүсэд үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн салбаруудыг бүхэлд нь холбосон цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хангах үүднээс хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн хуулиар доорх өөрчлөлтийг тусгасан байна.
Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтын уялдааг хангах, хуулийн зарим хэсэг, заалтын нэр томъёо, агуулга, найруулгын зөрчил болон хийдлийг арилгах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг тодорхой болгох, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал аль ч сайдын эрхлэх асуудлын хүрээнд байхаас үл хамаарч холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг баталгаажуулах боломж бүрдүүлэх, чөлөөт бүсийн газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг тул газрын харилцааны суурь зарчимтай нийцүүлэн чөлөөт бүсэд зөвхөн газар ашигладаг байх зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгасан аж.
Энэхүү хууль батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болон иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлөөр хангагдаж, салбар дундын харилцаа холбоо сайжирч, чөлөөт бүсэд бизнес эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж үзэж буй юм байна.
Мөн чөлөөт бүсийг хөгжүүлж, үйл ажиллагааг дэмжсэнээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, ажлын байр шинээр бий болох, аж ахуйн нэгжүүдэд татварын болон татварын бус хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зэрэг бизнесийн таатай орчин нөхцөлөөр хангагдаж, гадаад худалдааны эргэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт эерэг өөрчлөлтийг бий болгох онцгой ач холбогдолтой юм.
Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “2021 оны 12 дугаар сарын 31-ний” гэснийг “2022 оны 06 дугаар сарын 30-ны” гэж өөрчилсөн юм.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж Монгол Улсын Засгийн газарт зургаан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг энэхүү тогтоолоор зөвшөөрсөн. Үүнд:
1.Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;
2. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох;
3.Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх;
4.Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюу Толгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх;
5.Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;
6.Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг болно.
Дээрх зургаан арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзэхээр болсон байна.
Энэ тогтоол батлагдсанаар Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.