Цэс

Холбоо барих

ХЗБХ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.28) хуралдаан 13 цаг 25 минутад ирц бүрдсэнээр эхэлж, төлөвлөсний дагуу Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэг болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/-ийг хэлэлцэхээр шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар даргаллаа.


    Эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.


    Хуулийн төслийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хийлээ. Тэрбээр Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.2-т зааснаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд холбогдох өөрчлөлтийг тусгаж саналыг томьёолсон бөгөөд мөн төслийн нэр томьёог Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлж, найруулгын саналыг бэлтгэн, томьёолсныг танилцуулав.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат энэ хууль батлагдсанаар орон тоо, цалин хөлс нэмэгдэхүү гэдгийг тодруулахын зэрэгцээ стандартын шаардлага хангасан камерьжуулалт тавигдах эсэх болон камерийн бичлэгийг нотлох баримт бэхжүүлэх хүрээнд авч үзэх, үнэлэх эсэхийг тодруулж хариулт авав. Энэ асуултад ажлын хэсгээс хүний эрх талаасаа камерийн бичлэгийг хэн дуртай нь үзэхгүй, тодорхой эрх бүхий этгээд үзэж шалгадаг байна. Мөн бичлэгийг нотлох баримтын хэмжээнд авч үзэх зохицуулалт хийсэн. Камерьжуулалт стандартын шаардлага хангасан, хоорондоо уялдаа холбоотой, арчлалт хамгаалалт хийх хариуцах эзэнтэй байхаар зохицуулсан гэж хариуллаа.

    Үргэлжлүүлэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн найруулгын саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн. Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийг эцсийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


    Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай асуудлаар гарах “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

    Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцож, танилцуулга хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр гишүүдээс гаргасан горимын саналын дагуу уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналын томъёоллоор санал хураалт явуулж, хойшлуулахыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл