Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.12.28) 14 цаг 15 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцэж, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийв. Тэрбээр, дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойших хамгийн гүн хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан байна. Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байгаа ч коронавирусын шинэ хувилбарууд гарч эдийн засагт тодорхой бус байдал хэвээр, хямралаас бий болсон хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг байна.
Цаашид зах зээл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтдөө хүрэх, түүнчлэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтод хүрэхийн тулд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах шаардлага тулгараад байна. Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгийг боловсруулах явцад төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 600 гаруй санал ирүүлснийг холбогдох хэсгүүдэд тусгаад байна. Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй үндсэн зургаан хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхээр тусгалаа. Үүнд:
1) Боомтын сэргэлт;
2) Эрчим хүчний сэргэлт;
3) Аж үйлдвэрийн сэргэлт;
4) Хот, хөдөөгийн сэргэлт;
5) Ногоон хөгжлийн сэргэлт;
6) Төрийн бүтээмжийн сэргэлт.
Хилийн боомт: Монгол Улсад авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт буюу нийт 46 боомт байгаагаас 29 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай хиллэж, 4 нь агаарын боомт байна. Үүний 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, 7 нь дамжин өнгөрөх боомт байна. Худалдааны голлох боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлын түүхэн дээд хэмжээ хүрсэн.
Эрчим хүч: Монгол Улс 2020 оны байдлаар 8,850.5 сая кВт.цаг эрчим хүч хэрэглэсний 80.7 хувийг буюу 7,145.7 кВт.цаг эрчим хүчийг дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэн 19.3 хувь буюу 1,704.8 сая кВт.цаг эрчим хүчийг импортоор хангажээ. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг гаднаас импортлоход жил бүр 400 тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг байгуулах, эрчим хүчний хомсдолыг арилгаж, хараат бус байдлыг сайжруулах шаардлагатай байна.
Аж үйлдвэр: Нийт аж үйлдвэрийн 20.5 хувийг нүүрс олборлолт, 31.2 хувийг металлын хүдэр олборлолт, 19.8 хувийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байна. ДНБ-д эзлэх хувь буурч байгаа нь салбар үр ашигтай ажиллаж чадахгүй байгааг илтгэж байна. Иймд түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх аж үйлдвэржилтийг дэмжиж, шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Хот хөдөө: Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь, их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.
Ногоон хөгжил: Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их байна. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хэт халалтын давтамж, эрчим нэмэгдэх, хөрсний чийгийн тэнцэл алдагдах, таримлын ургац буурах зэргээр усны экосистем, мал аж ахуй, газар тариалангийн салбарт голчлон нөлөөлж, сөрөг үр дагавруудыг бий болгож байна.
Төрийн бүтээмж: Хөгжлийн шаардлагад нийцүүлэн, төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулж, авлига, хүнд суртлын аливаа илрэлтэй тэмцэж, цомхон, чадварлаг төрийн бүтцийг бий болгох шаардлага байна.
Тогтоолын төсөл нь “Шинэ сэргэлтийн бодлого”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт, Монгол Улсын Их Хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэсэн нийт 5 хавсралттай байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” тогтоолын төсөл хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6 хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл 3 дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлс арилж, эдийн засгийн цар хүрээ тэлснээр ажлын байр нэмэгдэж, монгол хүний цалин орлого өсөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжирна. Улмаар чинээлэг дундаж давхарга тэлж, иргэдийн амьдралын чанар сайжирна гэж үзэж байна гэлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Т.Доржханд, Д.Батлут, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа нар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, тодруулга авахын сацуу үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, эдийн засгийн өсөлтөд чөдөр болж байгаа хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэхээр уг тогтоолын төслийг оруулж ирж байгааг дэмжиж байна. Харин санхүүжилтийн хувьд төр нь хувийн хэвшлийн хийж чадаж байгаа зүйлд оролцох хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж байв.
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжиж байгаа хэдий ч эрхлэх асуудлынхаа хүрээнд нэн яаралтай хэлэлцэх хуулийн төслүүдийг сайжруулахаар ажиллаж байгаа гэдгийг онцлов.
Ингээд “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.