“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.12.28) хуралдаж, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Түр хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа. Засгийн газраас 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүлсэн юм. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг төслийн холбогдох заалтуудад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын шинжтэй завсарыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллын 2 дугаар санал буюу тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дүгээр заалтын “хариуцаж” гэсний дараа “Оюу толгой ХХК” гэж нэмэх саналыг нэгдсэн хуралдааны даргалагч нээлттэй үлдээж, гүйцээн боловсруулах чиглэл өгсөн болохыг танилцуулсан.
Танилцуулга болон Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.