Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 47 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.


Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор шинээр оюуны бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал, ёслол хүндэтгэлийн болон шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулах, Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, уг ажилд оролцсон ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэн, судлаачдад хүндэтгэл үзүүлэх, үйл хэргийг нь сурталчлах ажлыг зохион байгуулахаар УИХ-ын тогтоолд тусгажээ.

Мөн арга хэмжээг зохион байгуулахдаа коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, зөвлөмжийг сахин биелүүлж хэрэгжүүлэхийг холбогдох иргэд, байгууллага болон бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэл болгосон байна.

Мөн дугаарт Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Уг журмаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх  журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд гадаадын иргэнийг бүртгэх, бүртгэхээс чөлөөлөх, албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хэрхэн олгох, бүрдүүлэх бичиг баримт болоод бусад харилцааг журмаар хэрхэн зохицуулсан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл