Цэс

Холбоо барих

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зургаан гишүүн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.


Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа өндөр насны тэтгэврийг дараалсан долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Долоон жилийн дунджаас тэтгэврийг бодож тогтоовол өндөр тогтоно, олон жил шимтгэл төлснөөр авах тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэнэ гэж тайлбарлаж байгааг тэрбээр үгүйсгэсэн.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хүний амьдралд өөрөөс нь хамаарахгүйгээр өвдөх, осолдох, эндэх гэх зэрэг олон эрсдэл тохиолддог. Иргэдийн амьдралд тохиолдох эрсдэлүүд хэзээ, хэдийд тохиолдохыг хэн ч урьдчилан тааж мэдэх боломжгүй юм. Тэгэхээр нийгмийн даатгалд даатгуулснаар өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, өвчлөх, үйлдвэрлэлийн осолд өртөх зэрэг урьдчилан таах боломжгүй эрсдэлийн улмаас орлого олох чадвар буурах, орлогогүй болох үедээ  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй болдог.

Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим нь өндөр насны тэтгэвэр авагч байдаг. 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа юм гэлээ.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Хуулийн төсөл тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зорилготой гэдгийг тэрбээр тодотгон хэлсэн.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа, таван жилийн дундаж гэж байсныг долоон жил болгосон нь их буруу алхам болсон. Ажлын байр тогтворгүй манайх шиг улсад дараалсан долоон жилд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс тооцож тэтгэвэр тогтоох гэдэг шаардлага маш хэцүү, тэр дундаа хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүдэд их хохиролтой хэмээлээ. Тиймээс дараалсан долоон жил гэж заасныг таван жил болгон өөрчлөх шаардлага бий болоод байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тэр хуулийн төсөлтэй өнөөдөр хэлэлцэх гэж буй хуулийн төсөл уялдаж байгаа юу хэмээн тодруулсан. Тэрбээр, тэтгэврийн хэмжээ маш их ялгаатай байгаа. Нэг салбарт ижил хугацаагаар ажилласан атлаа хэдийд тэтгэвэр тогтоолгосноос шалтгаалан авч буй тэтгэврийн хэмжээ маш их зөрүүтэй байгаа. Өргөн барьсан төслүүдэд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдэхээр тусгасан байгаа юу. Тэтгэвэрт гарах насыг хүн амын дундаж наслалт хэд байхад тогтоосон бэ. Тэтгэвэр тогтоолгох насны асуудлыг хэрхэн тусгаж байгаа вэ гэсэн асуултыг тавьсан. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 7 жил буюу 84 сар гэсэн хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Нийгмийн даатгалд даатгуулагчид шударга, ижил тэгш байдлаар тэтгэвэр бодож олгох ёстой гэсэн гол концепцыг баримталсан. Сайн дураар даатгуулагчид хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд л өндөр хэмжээгээр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга бус байдлыг зогсоохоор дээрх шаардлагыг оруулж байгаа юм. ОУВС ч ийм шаардлага тавьж байсан. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог болохоор аав ээжийгээ асрах, ах дүүгээ халамжлах зэргээр тодорхой хэмжээгээр буюу 5-6 сараар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдсан байхад тэрхүү тасалдал тэтгэвэр тогтоолгох хугацаанд нөлөөлөхгүй байхаар тусгасан байгаа.


Тэтгэврийн зөрүүг арилгах тооцоо хийхэд 2022 онд 600 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг 2015 оноос хойш шинэчлээгүй явж байгаа учир тэтгэврийн зөрүү үүсч байгаа. Шинэ хуулийн төсөлд цаашид тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байхын тулд жил бүр тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчилж батлах тухай заалт оруулсан. Мөн инфляцийн түвшин дөрвөн хувь хүртэл өссөн бол инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэн явахаар шинэ хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн тэтгэврийн бодолтод өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд оруулсан байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж байхад монгол хүний дундаж наслалт 63 байсан. Харин өнөөдөр 70 болж нэмэгдээд байгаа. Хуулиар тэтгэвэрт гарах насыг жил тутам гурван сараар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ өөрөө хүсвэл эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь хэвээрээ байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд долоон жилийн хугацаагаа нэмээд явахаар тусгасан нь шударга бус байна гэж үзэж байгаа. Таван жилийн цалингийн дунджаар тэтгэврээ аваад явна гэж бодож байсан хүмүүст долоо болоод цаашид өсөөд явна гэдэг хүнд тусч байна гэсэн байр суурь илэрхийлсэн.


УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, 2018 онд тэтгэвэрт тогтоолгох тооцооллыг долоон жил болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой тэтгэврийн хэмжээнд гарсан өөрчлөлтийн талаар тодруулж байлаа. Хамгийн бага хэмжээгээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаад сүүлийн таван жилд хамгийн өндрөөр төлөн өндөр тэтгэвэр тогтоолгодог гэж ярьж байна. Ийм байдлаар тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн талаарх тоон мэдээлэг өгөхийг мөн хүссэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, хүн бүрийн ажилласан жил, авч байсан цалинтай холбоотой болохоор тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн мэдээлэл өөр өөр байгаа. Дунджаар нийт тэтгэвэр тогтоолгосон 34.000 хүнээс түүвэр судалгаа хийж үзсэн. Нийт тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн 10 мянга орчим хүний тэтгэвэр 15 орчим мянган төгрөгөөр буурч тогтоогдсон байх магадлалтай гэсэн тооцоолол гаргасан. Сүүлийн таван жилд нийгмийн даатгалын шимтгэл сайн дураар төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож буй хэсэг бий. Ийм хэсэгт 12 орчим мянган хүн байна гэсэн тооцоо бий гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, С.Чинзориг нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл