Цэс

Холбоо барих

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн /2021.12.22/ хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлын даргын 2021 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нар багтан ажилласан байна.

Ажлын хэсэг хоёр удаа удаа, ажлын дэд хэсэг таван удаа хуралдаж, ажлын хэсгийн болон дэд ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналуудыг нарийн хэлэлцэн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэлээ хэмээн танилцуулав.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүдийг хэт боомилсон, нарийвчилсан зохицуулалт оруулахгүй байх, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар гомдол ирэх тохиолдолд тухайн асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа бол тухайн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэлэлцэхгүй байх, мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд хуралдаан даргалагчид мэдэгдээд санал хураалтад оролцохгүй байх заалт нэмэх, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн өвчтэй, өвчтэй хүн асарсан бол эмнэлгийн магадалгаа, томилолттой бол  томилолтын хуудсыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд хүргүүлэх заалтыг өөрчлөх, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд найруулгын шинжтэй хэд хэдэн санал гаргасныг төсөлд тусгасан гэлээ.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан асуулт асуусан. Тэрбээр, өргөн мэдүүлсэн төслийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг 3 ба түүнээс дээш удаа тасалсан, хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн ажлын 3 өдрийн цагаас дээш гарсан бол гэж заасан. Энэ заалтын талаар Ажлын хэсэг ярилцсан эсэхийг тодруулсан.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнгийн хариулснаар, энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан УИХ-ын гишүүнд хариуцлага тооцохтой холбоотой заалт аж. Энэ заалтын талаар Ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлэлцээд энэ хариуцлагын заалт байх ёстой гэж үзсэн байна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь Байнгын хороо, дэд хороо, түр хороо, нэгдсэн хуралдаанд оролцох. Тиймээс гурван удаа гэсэн тоо бага байна гэж үзээд жилд долоон удаа шалтгаангүйгээр тасалсан, эсвэл нийт ирцэд бүртгүүлсэн дүнгээрээ ажлын таван өдрөөс дээш гарсан бол хариуцлага тооцно гэж нэмэгдүүлэхээр саналын томьёолол боловсруулан оруулж ирсэн гэсэн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 15, найруулгын 3 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн хуралдаанаар "УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай" Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл