Цэс

Холбоо барих

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийг баталж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслийг батлахыг дэмжсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 58 гишүүний 69 хувь нь дэмжсэн юм.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

    Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хурапдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтгоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулан хэлэлцүүлэх санал дэмжигдсэнтэй холбогдуулан боловсруулсан дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.


    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн журмыг өөрчлөн найруулж, тухайн жилийн төсвийн төслөөр сонсгол явуулахаар бол сонсголыг хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө төсвийн төслийн цаглаварт нийцүүлэн зохион байгуулахаар, албан тушаалтныг томилох, зөвшилцөхтэй холбоотой санал хураалтыг нууцаар явуулахаар, тайлан, илтгэл, мэдээлэл болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тайлан хэлэлцэх дэгийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн явуулахаар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн арван гуравдугаар бүлэгт нийтийн сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх, сонсгол зохион байгуулах харьяалал, сонсголыг цахимаар явуулах, сонсголын тайлан, тэмдэглэлтэй холбоотой зохицуулалтыг нэмж, сонсголын бэлтгэл хангах, даргалагчийг сонгох, сонсгол зохион байгуулах журмыг өөрчлөн найруулж, тус бүлэгт нэр дэвшигчийг санал болгох, нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, зарлах, нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл хангах, сонсгол явуулах, нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах журмыг зохицуулсан Нэр дэвшигчийн сонсгол гэсэн нэгдүгээр дэд бүлэг шинээр боловсруулсан байна. 

    Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

    Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан юм. Эл саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу Улсын Их Хурлын 52 гишүүний 53.8 хувь нь дэмжлээ. Иймд төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.


    Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн горимын санал гаргав. Үндэсний эрх ашигтай холбоотой чухал асуудал болох “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг өөрчлөх санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат уг тогтоолын төсөлтэй холбоотой зарим асуудлыг тодруулах, нягтлах шаардлага байна гэдэг үндэслэлээр тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ.

    “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана” гэсэн заалтын дагуу хэлэлцэж буйг Улсын Их Хурлын дарга танилцуулаад уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт маргааш өглөөний 10 цаг хүртэл завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нараас 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлсэн юм.


    Улсын Их Хурлын даргын 2021 оны 32 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт  мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр ажлын дэд хэсэг, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.

    Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцжээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан өргөн мэдүүлсэн төслийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг 3 ба түүнээс дээш удаа тасалсан, хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цагийн нийлбэр дүн ажлын 3 өдрийн цагаас дээш гарсан бол гэж заасан талаар асуулт асууж, хариулт авсан байна.

    Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналын томьёолол, найруулгын 3 саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Х.Баделхан гишүүн танилцуулав.


    Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлсэн.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Хуралдаанаар дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудпыг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

    Төсвийн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн хэрэгжих хугацаатай холбоотойгоор төслийн 3 дугаар зүйлийг хасах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.0 хувь нь дэмжсэн байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.


    Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулсан юм.

    Төсвийн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан гэв. Ж.Батжаргал гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Анужин, Б.Баттөмөр, Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа нар хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. 2016 онд Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, энэ хүрээнд хэд хэдэн эдийн засгийн арга хэмжээ авахыг зөвшөөрсний нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг өөрчилж, 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор хуульчилсан. Үүний үр дүнд 2018 онд дараалсан 6 жил, 2019 оноос дараалсан 7 жилээс тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох болсон. Засгийн газар 2018 онд Засгийн газар ОУВС-ийн дээрх хөтөлбөрөөс гарсан бөгөөд тэр үед гаргасан шийдвэрээс хэвээр үлдсэн цөөн асуудлын нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан юм.


    Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 сар болгон нэмэгдүүлснээр иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа гэдэг тооцооллыг Б.Пүрэвдорж гишүүн дурдсан юм. Хуулийн төслөөр тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааныхаа дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохоор хуульчлах, ингэснээр өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгө дүн бодитоор нэмэгдэнэ гэж үзжээ.

    Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хууль санаачлагчид өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн дундаж цалингаар тоггоодог байсныг 2018 онд нэмэгдүүлэн дараалсан 7 жил болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасгасан. Иймд өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тооцох хугацааг 5 жил болгон бууруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

    Хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан улсын төсөв болон эдийн засагт хүндрэл учрахгүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзсэн байна.


    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уг хуулийн төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй уялдаж байгаа эсэх, тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа тэтгэврийн зөрүүг арилгах талаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан гэв.

    Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн тэтгэвэр бага тогтоогддог тул цаашид анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дараалсан 7 жилийг 5 жил болгосноор сайн дурын даатгуулагч болон хувийн салбарт ажиллаж байгаа иргэд сүүлийн 5 жилийн шимтгэлийг нэмэгдүүлж төлснөөр тэтгэврээ өндөр тогтоолгох боломжтой бол төрийн албаи хаагчдад энэ боломж хязгаарлагдмал байгаа нь шударга бус нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар тус тус саналаа илэрхийлсэн гэв.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Ч.Ундрам гишүүн танилцууллаа.


    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам, С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авсан юм.

    Салбарын яамны зүгээс тогтолцооны шинэчлэл хийж, хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэхээр бодлогын судалгаа, төлөвлөлт хийж байгааг ажлын хэсгээс тайлбарласан. Жилд дунджаар 30 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд үүний 70 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тогтоолгодог байна. Өндөр насны тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоох хууль үлдсэн хувьд нь тооцогддог гэдгийг хэллээ. Төсөл санаачлагчийн зүгээс, амьдралд тохиолддог олон асуудал, бэрхшээлээс үүдэн иргэн дараалсан долоон жил тогтвортой ажилласан байх нь ховор гэдгийг тайлбарлав. Түүнчлэн төгрөгийн ханш, инфляцын өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хугацааны өөрчлөлт нь тэтгэвэр авагч иргэдэд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа талаарх тооцоолол, тайлбарыг хийсэн юм. Иргэдээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх санал олноор ирүүлж байгааг Ж.Сүхбаатар гишүүн онцолж байв.


    1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох бол 1960 оноос өмнө төрсөн хүмүүс цалинд үндэслэсэн одоогийн аргаар, 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс дээрх хоёр хувилбараас сонгож өндөр насны тэтгэврээ тогтоолгох сонголттой байгаа гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Засгийн газрын зүгээс иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тогтмол анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр авч ирсэн болохыг онцлоод, цаашид тухайн жилийн инфляцын өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байсан бөгөөд уг төслийн зохицуулалтыг Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй холбогдуулах саналыг хэлж байв. Мөн төслийн зохицуулалттай холбоотой тооцоолол, төсвийн боломж, шийдлийн талаар асууж, хариулт авч байсан юм.


    Дараа нь гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж байр сууриа илэрхийлж, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл