Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2021.12.30) хуралдаан 13 цаг 38 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.
Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын даргын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, С.Ганбаатар, Л.Энх-Амгалан, нараас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, дүрмийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлснийг онцлоод Ажлын хэсгийн хурлыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 4.5, 4.6 дахь хэсгийг гүйцээн боловсруулах, мөн төслийн 7.4 дэх хэсэгт найруулгын шинжтэй засвар хийх зэрэг чиглэл өгсөн тул төслийн холбогдох заалтаар зарчмын зөрүүтэй 1 санал бэлтгэн, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулга, нэр томьёо жигдлэх зэрэг засвар, өөрчлөлтийг хийж, төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэж байлаа.
Ажлын хэсгийн танилцуулга болон тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.