Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.30) үдээс хойших хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг нэмэх горимын санал гаргалаа. Тус горимын саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 64.7 хувь нь дэмжсэн.
“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.
Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу төслийн 4.5, 4.6 дахь хэсгийг гүйцээн боловсруулах, 7.4 дэх хэсэгт найруулгын шинжтэй засвар хийх чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй санал гаргаж санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тодруулга хийж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний 42 нь дэмжин баталсан юм.
“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав
Дараа нь “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.
Засгийн газраас 2021 оны арван хоёрдугаар сарын 27-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн асуудал нь боомтыг хөгжүүлэх юм. Энэ хүрээнд хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байгаа боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэх бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх, боомт даган үүссэн суурьшлын бүсийн статусыг тодорхой болгох, улмаар төрийн анхан шатны үйлчилгээг хүргэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм. Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн.
Иймд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 84 хувь нь дэмжсэн.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.
Хуралдааны эцэст Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны чуулганы нэгдсэн хуралдаан ийнхүү өндөрлөж байгааг дуулгаад, ард түмэндээ шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.