-Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын түүхэнд 2021 он онцлох үйл явдлаар дүүрэн он жил боллоо-
ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧЛЭХ ХҮРЭЭНД ДАРААХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах олон чухал хууль батлагдав. Тухайлбал, Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, Төрийн аудит, Эдийн засгийн хөгжил, бодлого төлөвлөлтийн зэрэг олон чухал суурь хуулиуд батлагдлаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав
Шүүхийн тухай багц хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.15) Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав. Тус хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал хийж, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах эрхэм зорилго нэг шатаар урагшилж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцолсон. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилт нь шүүх, шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах, үүгээр дамжуулан шударга ёсыг тогтоох явдал байсныг тэрбээр дурдлаа.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг батлав
Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр.
Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.24) баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлах зохицуулалтыг тодорхойлсон тус хуулийн төсөл батлагдсанаар ард түмний төлөөлөгчдийн байгууллага Улсын Их Хурлын шинэчлэл амжилттай урагшилж, хууль тогтоомжийн төслийг олон түмнээр хэлэлцүүлж, санаа бодлыг нь авч, олон нийтийн оролцоог хангаж, судалгаа шинжилгээний үндсэн дээр батлан гаргаж, хэрэгжилтэд нь анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль мөрдөгдөж эхэлснээр ард түмний төлөөллийн байгууллага болсон Улсын Их Хурлын үйл ажиллагаа хөгжлийнхөө бас нэгэн шинэ шатанд гарч, Улсын Их Хурал хууль тогтоохын зэрэгцээ, түүний хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгт эн тэнцүү анхаарна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав
Хуулийн төслийг өргөн барих үеэр.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.07) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн тус хуулийг баталсан. Хууль батлагдсанаар Нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход чиглэж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ
Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.
Эрх зүйн хувьсгалыг эдийн засгийн, нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэсэн гол чиг шугмыг 2021 онд Улсын Их Хурал баримталсан. Энэ хүрээнд сүүлийн гурван парламент, таван Засгийн газрыг дамжуулан хэлэлцсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрд хамаатай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.02) баталсан. Ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ хийсэн эсэхээс үл хамааран ажиллаад эхэлсэн л бол хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцон хуулийн хамгаалалтад орох, хагас цагийн ажил эрхлэлт, гэрээсээ ажил эрхлэх, алсын зайн ажил эрхлэлт, туслах малчин, гэрийн үйлчлэгч зэрэг орхигдоод байсан хөдөлмөрийн харилцааг тус хуулиар зохицуулсан юм.
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АЗИ ТИВД АНХ УДАА БАТЛАН ГАРГАЛАА
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.04.02) Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан. Хууль батлагдсанаар эрхзүйн тогтолцоонд, ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоонд нэг том алхам хийгдсэн төдийгүй иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий болж байна. Энэ хуулийг баталснаар Монгол Улс Ази тивдээ хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуультай анхны улс боллоо. Энэ удаагийн парламент хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд шинээр баталж буй хууль тогтоомжийг хүний эрхийн талаас нь анхаарахаас гадна хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийн, ажиллаж буй юм.
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАЖ, ЦАХИМ ПАРЛАМЕНТ БОЛОХ ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах цахим платформ.
Улсын Их Хурал цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Улсын Их Хурал үйл ажиллагаандаа иргэд, олон нийтийг оролцоог хангах хүрээнд зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн төсөлд бичгээр болон цахимаар санал өгөх, хуулийн төслийн ажлын хэсэгт оролцох зэрэг хэлбэрүүдийг ашиглаж байна. 2021 оны оны эхнээс ил тод, цахим парламент болох зорилтоо эрчимжүүлж “зөвлөлдөх ардчилал” буюу https://za.parliament.mn цахим системийн хүрээнд хууль санаачлагчдад зориулсан www.lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, олон нийт санал өгөхөд зориулсан www.lawforum.parliament.mn зэрэг цахим платформыг ашиглан, амжилттай нэвтрүүллээ. Мөн иргэдийн хүсэлтийг цахимаар авдаг E-petition системийг нэвтрүүллээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа цахимаар амжилттай зохион байгуулсныг онцолж байна.
“ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ” БОЛОН УГ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЛАА
Хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан тушаалтнуудтай уулзах үеэр
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2021.05.07) холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, “Тэтгэврийн зээлгүй буюу 1.0 сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж буй учир цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр мөн Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.05.21) хуралдааны үеэр 200 мянга гаруй ахмад шударга ёсны зарчимд нийцүүлэн байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж буй талаар мэдэгдлээ. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжсэнээр 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгожээ.
УИХ-ААС ТОМИЛОГДДОГ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ТОМИЛГООНЫ СОНСГОЛООР ОРУУЛЖ БАЙНА
Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигчийн томилгооны сонсгол зохион байгуулах үеэр.
Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалд нэр дэвшсэн хүмүүсийг томилгооны сонсголоор оруулж, тухайн нэр дэвшигчийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэхийг төдийгүй иргэдийн мэдэх эрхийг хангаж хэвшээд байна. Тухайлбал, 2021 онд Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсголыг зохион байгуулав. Түүнчлэн, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол зэрэг сонсголуудыг зохион байгууллаа.
БОЛОСРОЛ, СОЁЛЫН САЛБАРЫН АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА
Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.29) Музейн тухай хуулийн төслийг баталснаар анх удаа музейн тухай хуультай болов. Манай улсад 1924 онд орчин цагийн музейг байгуулсан гэж үздэг. Энэ цагаас хойш 2021 оныг хүртэл бие даасан хуульгүй байснаар музейн салбарын асуудлууд хуримтлагдсаар байсан юм.
Хуулийн төслийн ажлын хэсэг урлаг, соёлын байгууллагуудад ажиллах үеэр.
Соёлын салбарт мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.02) баталснаар анх удаа кино урлагийн салбарын эрх зүйн харилцааг зохицуулсан хуультай боллоо. Тус хуулийг баталснаар үндэсний кино урлаг хөгжих эдийн засаг, санхүүгийн боломжууд нээгдэх бөгөөд Монгол Улс өөрийн түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа дэлхийд танигдаж, дэлхийн нэр хүнд бүхий киноны уран бүтээлчид Монгол Улсад кино бүтээх таатай орчин бүрдэж байна.
Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр.
Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Боловсролын багц хуулийн төслөөр долоон ажлын хэсэг байгуулан, санал авах хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж буй бөгөөд хуулийн төслүүдийг ирэх оны эхний хагаст багтаан батлахаар төлөвлөөд байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЭРХ ЗҮЙН ШИНЭ ОРЧИН БҮРДЛЭЭ
"Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим хэлэлцүүлгийн үеэр.
Эрүүл мэндийн салбар иргэнд ээлтэй, хүн бүхэнд хүрч үйлчлэх зөв тогтолцоотой болон хөгжих эрх зүйн шинэчлэлийг энэ удаагийн парламент амжилттай нэвтрүүлж байна. Эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжүүлэн иргэн бүр эмнэлэг, эмчээ сонгон үйлчлүүлдэг болох дэлхий нийтийн жишиг хандлагыг дагасан тогтолцоонд шилжсэнээр чанартай, шуурхай үйлчилгээг хүн амд үзүүлэх нөхцөл, боломж алхам алхамаар бүрдэж, эмнэлгүүд эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлснээр өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулан, орлогоо нэмэгдүүлж, улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг нэмэх боломж бүрдсэн эрх зүйн орчин бүрдээд байна.
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТЛАВ
Хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.09) Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль зэрэг цахим шилжилтийн суурь таван хуулийг батлав. Цахим шилжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн дээрх хуулиуд батлагдсанаар иргэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй, шуурхай авах боломж бүрдсэн төдийгүй улс орны аюулгүй байдлын индекс өсөх зэрэг ач холбогдолтой болж байна.
"ЯПОН ЛУГАА АДИЛ ХӨГЖЬЕ" САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД БОЛЛОО
Цуврал хэлэлцүүлгийн үеэр.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн "Япон лугаа адил хөгжье" санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран цуврал сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. 2021 онд “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол”, “Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг”, “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” гэсэн гурван удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
“ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Хөтөлбөрийн нээлтийн үеэр эхний хичээлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар заалаа.
Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт (2021.12.23) боллоо. Энэ хөтөлбөр нь 2019 онд баталсан Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний нэг үндсэн зорилт бөгөөд 2019 оноос эхэлсэн парламентын шинэчлэлийн нэг чиглэл юм.
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ
Хүндэтгэлийн хуралдааны үеэр.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулан Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадаг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаан (2021.12.29 ) хийлээ. Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болох Үндсэн хуулийн заалтын дагуу Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулсан юм.
“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ
Дүрмийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.30) “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг шинэчлэн батлав. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж, тогтоолоор баталснаар Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх, чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцдог байх, иргэд сонгогчдод Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн, асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэхэд ач холбогдолтой боллоо.
“ОЮУ ТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.30) “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Тогтоол баталснаар Оюу толгой ордыг хамтран ашиглах үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ цаашид амжилттай хийгдэх төдийгүй Оюу толгойн ордоос монголын ард түмэн ногдол ашиг авах хугацаа наашлах боломж бүрдэж байна.
““ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO” БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.30) ““Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус тогтоолын төслийг дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас болон бусад гадаад, дотоод шалтгааны хүчин зүйлийн улмаас учирч буй хүндрэл бэрхшээлийг нэн даруй даван туулж иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, улс орныхоо хөгжлийн бат үндэс суурийг эрчимтэй хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор баталсан юм.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАСРАЛТГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАВ
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Парламентын боловсрол" хөтөлбөрийн нээлтийн илтгэлийг танилцуулах үеэр.
Улсын Их Хурлын Тамгын газар цар тахлын хүнд үед парламентын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа. Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” зэрэг хамтын ажиллагааны төслүүдийн болон хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, туршлагыг нэвтрүүлэх зэрэг олон чухал ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.