Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор нараас 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.
Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, Улсын Их Хурал Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан бөгөөд энэ хуулиар ажил олгогч болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 7 хувь байсныг өөрчлөн 9.5 хувьд хүргэж баталсан. Энэ нь Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх, улсын төсөвт үзүүлэх ачааллыг багасгах зорилготой байв.
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсантай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн амьжиргааны түвшинтэй уялдуулах, ажил олгогч болон даатгуулагчийн орлого, зарлагад үзүүлэх ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувь байх зохицуулалтыг хийсэн.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан ашиг орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлийн өр нэмэгдэх, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нөхцөл байдал үүссэн тул хууль санаачлагчид Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тус бүр нэг хувиар бууруулах санал гаргасан.
Хуульд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгон бууруулж, сайн дураар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд төлөх хэмжээг 12.5 хувь байсныг 11.5 хувиас багагүй байх зохицуулалтыг хийсэн.
Хууль санаачлагчид хуульд өөрчлөлт оруулснаар цар тахлын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид үүсэх эдийн засаг, санхүүгийн дарамтыг багасгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраа хадгалах, ажиллагсдын өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж үзсэн.
Улсын Их Хурлын Тамгын газар