Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн гурван хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.01) өргөн барилаа.
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улс 1997.01.29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодпого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрдсэн.
Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” 1980.01.01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой ажээ.
Манай улсын хууль тогтоомжоор зөвхөн зорчигч тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн агаарын хөлгийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж, ерөнхий зориулалтын болон ачаа тээврийн агаарын хөлөгт хамаарахгүй байгаа тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зохицуулалтыг өөрчлөн “бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг татвараас чөлөөлөх” зохицуулалт бүрдүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох юм байна.
2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай
Дээр дурдсан Дэлхийн худалдааны байгууллагын "Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр"-ийг хэрэгжүүлж, мөн төрлийн бүтээгдэхүүн, сэлбэг, тоног төхөөрөмж, хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
3.Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийг соёрхон батлах тухай
Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгосон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ард иргэдээ вакцинжуулахад шаардлагатай үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021.07.21-ний өдөр гарын үсэг зуржээ.
Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулж, Улсын Их Хурлаас соёрхон баталсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд АХБ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд буй “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл’’-ийн хамтарсан санхүүжилт юм.
Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшеөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын “Вероселл” вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх ажээ.
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын жишиг хүү дээр хувьсах тархалтын хувь (0.63%)-ийг нэмсэнтэй тэнцүү байх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25% байх юм.