Цэс

Холбоо барих

“Тогтвортой хөгжлийн зорилго" дээд түвшний чуулга уулзалтыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг


Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 онд гишүүнээр элсэж,  ардчилсан засаглал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, хүний эрхийн зэрэг бүхий л чиглэлээр хамтран ажиллаж, харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна.  

         НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, манай улсын тусгаар тогтнол улам баталгаажсан юм. Эдүгээ дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоож, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон талт хамтын ажиллагааг өрнүүлж байна.

НҮБ болон гишүүн улс орнуудаас манай улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа дэмжлэг үзүүлсэн нь нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэе.

Өнөөгийн байдлаар НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр манай оронд суурин төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байна.

            Тиймээс, өнөөдрийн “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд хэмжээний чуулга уулзалтыг энэхүү түүхэн ойг тохиолдуулан Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо санаачлан Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.

            2015 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтуудын залгамж халаа болсон “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг тунхаглан баталсан.

Тус хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлтэд хэнийг ч орхигдуулахгүйгээр ядуурлын бүх хэлбэрийг устгах, тэгш бус байдлыг халах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг дэлхий нийтийн хөгжлийн тулгуур асуудлуудыг тусгасан юм. Эдгээр зорилт бол дэлхий улс орнуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн, эх дэлхийгээ хайрлан хамгаалж, энх амар, эрх тэгш зэрэгцэн оршиж, хөгжин дэвших алсын хараа юм.

Дэлхийн улс орнууд одоо болон ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орныхоо хөгжлийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Малайз, Сингапур, Канад, Швед зэрэг хөгжсөн болон хөгжиж байгаа улс орнууд:

-       Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц бий болгох;

-       Үндэсний хөгжлийн үзүүлэлтүүдийг урт, дунд, богино хугацааны бодлоготой уялдуулах хууль эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;

-       Төр-хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгаа нь сайн жишиг болж байгаа юм.

Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн дараах ажлуудыг онцолж хэлэхийг хүсэж байна.

Нэгдүгээрт, Монгол Улс тус хөтөлбөрийг өөрийн оронд нутагшуулах ажлыг эхлүүлсэн дэлхийн хамгийн анхны улсуудын нэг. Тус хөтөлбөртэй уялдуулан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2016 оны 2-р сард Монгол Улсын Их Хурлын 19-р тогтоолоор баталсан. Уг үзэл баримтлалын дагуу манай улс нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд багтаж, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой, ардчилсан засаглалтай болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Хоёрдугаарт, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр институцийн шаталсан бүтэц, зохион байгуулалтыг бий болгосон. Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлыг хариуцсан дээд түвшний бүтэц нь Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгаа бол Засгийн газрын түвшинд Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Тогтвортой хөгжлийн үндэсний хороо ажиллаж байна.

Гуравдугаарт, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэн боловсруулж, Засгийн газраас өргөн мэдүүлэхээр тусгасан бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна.

Ядуурлыг устгах, чанартай боловсролыг дэмжих, тэгш бус байдлыг бууруулах, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах зэрэг Тогтвортой хөгжлийн зорилгыг төр, засаг дангаараа хэрэгжүүлж чадахгүй юм. Дэлхийн улс орнууд, олон улсын туршлагаас суралцан, эрдэмтэн судлаачдын саналыг тусган, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоог дэмжсэн олон талт хамтын ажиллагааг өрнүүлж байж тавьсан зорилго, хүссэн үр дүндээ хүрнэ.

Тийм ч учраас өнөөдөр энэ танхимд болон цахимаар Монгол Улсын төр, засгийн байгууллагуудаас гадна, Монгол Улсад суугаа гадаад улс орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэд олон нийтийн төлөөлөл оролцож байгаа юм. 

Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос бүгдээрээ нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзлээр хамтран ажиллахыг уриалж, Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах гэж байна.

            Улс орны маань тусгаар тогтнол улам бэхэжсэн, эдийн засаг нь тогтвортой өссөн, иргэд нь зохистой хөдөлмөр эрхэлсэн, өрхийн орлого нь хэрэгцээгээ бүрэн хангасан, ээлтэй орчин, шударга нийгэмд амьдрах нь Монголын ард түмний чин хүсэл юм. Энэ хүсэл, зорилгодоо Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж байж л хүрнэ.

Тиймээс өнгөрсөн баасан гаригт нээгдсэн Улсын Их Хурлын намрын чуулган энэ эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараах 5 үндсэн зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:

1. Дэлхий нийт, түүний дотор Монгол Улсыг хамарсан КОВИД-19-ийн сөрөг нөлөөллөөс иргэдээ, эдийн засгаа сэргийлэн хамгаалах, улмаар цаашдын эрчимтэй хөгжлийг хангах Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлох;

2. Баялаг бүтээгчдээ дэмжиж, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлж, импортын хараат байдлаас гарах, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих замаар ядуурлыг бууруулах зэрэг хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэн, төр-хувийн хэвшлийн түншлэлийг цоо шинэ шатанд гаргах;

3. Засаглалын чадавхыг бэхжүүлж, төсвийн реформ хийх, төрийн хүнд суртлыг халах, үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаанд төвөг бэрхшээл учруулж байгаа зөвшөөрөл, лицензийг хялбаршуулах, цахим шилжилт хийх, төрийн албанд хариуцлага, ёс зүйг эрхэмлэх, авлигатай тэмцэх ажлыг бодит үр дүнд хүргэх;

4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, засаглалын харилцан хяналт-тэнцлийг хангах, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлж, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох;

5. Боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлж, иргэддээ дэлхийн түвшний боловсрол, мэдлэг, чадвар олгох тогтолцоонд шилжих, боловсролын салбарт чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэ тогтолцоо нэвтрүүлэх зэрэг Тогтвортой хөгжлийн үндсэн хөшүүрэг болсон суурь өөрчлөлтүүд багтаж байгаа юм.

Эдгээр зорилтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор олон чухал хуулиуд батлах болно. Зөвхөн 10-р сард гэхэд томоохон 20 гаруй хуулийг шинээр буюу шинэчлэн батлахаар төлөвлөж байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал “Тогтвортой хөгжлийн зорилт”-д тусгагдсан үзүүлэлтүүдийг хангаж, хөгжин дэвшсэн, хүнээ дээдэлж, иргэнийхээ эрхийг бүрэн эдлүүлсэн, сэргэн мандсан Монгол Улсыг цогцлоохын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран, тууштай чармайлт тавьж ажиллах болно. 

            Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлж, өнөөдрийн чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл