Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа өөрийн суралцсан Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр, Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар дурдаж, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцад иргэд, эрдэмтдийн оролцоог хангаж, улс төрийн зөвшилцөлд хүрч чадсаныг онцолж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлэх, Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх гэсэн гол дөрвөн чиглэлтэй болохыг дурдав.
Улсын Их Хурлын дарга болон гишүүд Стэнфордын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сан Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захирал хатагтай Сюзанна Грисон Роббинсонтой уулзалт хийсэн юм.
Сан Франциско хотын Кино комисс нь хотдоо ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөжийг хүртэх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлздэг юм байна. Тус комис нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний, телевизийн болон интернэтийн олон ангит кино, шоу, баримтат кино, реклам болон фото зураг авах зөвшөөрлийг олгодог аж.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Үзэсгэлэнт байгаль, баялаг түүхтэй Монгол Улс нь дэлхийн кино, телевизийн үйлдвэрлэлийн сонирхол татахуйц газар бөгөөд Монголын кино бүтээгчид дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх асар их нөөц бололцоотой.
Монгол Улсын Засгийн газар бүтээлч үйлдвэрлэл, тэр дундаа кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоодугаар сард манай парламент Кино урлагийн тухай хуулийг баталсан.
Тэрбээр Сан
Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг
Монгол Улсад зураг авалт хийх, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран
ажиллахыг хүссэн юм. Хатагтай Сюзанна Грисон Роббинсон Сан Франциско хотод зохион
байгуулагддаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай
байх болно гэдгийг дуулгав.
Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид "Apple" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын өлгий нутаг гэгддэг цахиурын хөндийд Apple парк байрладаг юм.
Улсын Их Хурлын даргыг “Apple Inc” компанийн төлөөлөл Ранди Марсден хүлээн авч уулзсан юм.
“Apple Inc” компани Монгол Улсын Засгийн газар, ТББ-уудтай хамтран Монгол Улсад Ковид-19 вирусийн тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн менежерээр ноён Ранди Марсден амжилттай ажиллаж байгаад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Төслийн дэмжлэгтэйгээр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, иргэдийн дунд “ERSDEL” программыг нэвтрүүлэн ашиглаж байгаа билээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг олон чухал арга хэмжээ авч, парламентаас хууль баталж, Засгийн газраас тусгай хөтөлбөр гарган ажиллаж буйг дурдаад, “Apple Inc” зэрэг дэлхийн түвшний технологийн компаниудтай хамтран ажиллах аливаа санаачилгыг парламентаас бүрэн дэмжих болно гэлээ.
Монгол Улс хүүхэд залуустаа дэлхийн түвшний боловсрол олгоход онцгойлон анхаарч, мэдээллийн технологи, компьютер, кодчилол, программчлалын чиглэлээр сайн мэргэжилтэнтэй болохыг зорилгоо болгож байна. Тиймээс энэ чиглэлээр “Apple Inc” компанитай хамтран ажиллах сонирхолтой байна. Одоогоор “Apple Park”-д нэг монгол инженер ажиллаж байгаа.
Цаашид бид янз бүрийн төслүүдээр дамжуулан “Apple Inc” болон Монгол Улс хооронд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна. Монгол бол зэс, газрын ховор элемент, лити зэрэг байгалийн баялаг ихтэй орон. Тиймээс “Apple Inc” болон түүний нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэй олборлох үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломж бий. Түүнчлэн боломжит хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол уур амьсгалын өөрчлөлтийн салбар юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй. Өөрчлөлтийг бууруулахтай холбоотой төслийг “Apple Inc”-тэй хамтран боловсруулах, хэрэгжүүлэх сонирхолтой байна гэлээ.