Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нийтэллээ.
9 бүлэг, 56 зүйлтэй шинэчилсэн найруулгын хүрээнд дараах шинэлэг зохицуулалтыг нэмж тусгасан байна. Тухайлбал, Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгасны зэрэгцээ аж үйлдвэрийн өмчийн эрхийн гурван үндсэн объект болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тус тусад нь бүлгээр зохицуулсан.
Мөн “Мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “Мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчилж улмаар мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг хуульд хэт богино тогтоосон, мөн патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг эргэлзээтэй байдлаар тогтоосныг өөрчилж, хугацааг тодорхой тогтоосон байна.
Түүнчлэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгахын зэрэгцээ шинэ бүтээл, ашигтай загварыг бүртгэснээс хойших харилцаа зохицуулалтгүй байсныг өөрчилж, патент эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах асуудлыг зохицуулсан байна. Патентын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох зохицуулалттай нийцүүлж улмаар оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагад тулгуурлан түүний эрх хэмжээ, чиг үүрэгтэй холбоотой зохицуулалтыг тусгаж, патентын харилцаатай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх журмыг тодорхойлж, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, бүртгэхтэй холбоотой дүрэм, журам батлах эрх хэмжээг холбогдох захиргааны байгууллагад олгосон.
Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.