Цэс

Холбоо барих

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад оролцож, үг хэллээ

“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” ТӨР-ХУВИЙН ХЭВШИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

 

Эрхэм нөхөд өө,

Хатагтай ноёд оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн төр, хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхэнд талархал илэрхийлье.

Эрсдэл, сорилт нүүрлэсэн амаргүй цаг үеийг дэлхий нийт туулж байна. Дэлхийн улс орнууд, түүний дотор Монгол Улс цар тахлын аюулаас иргэдээ, улс орноо сэрэмжлэн хамгаалах зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирлээ. Гэвч тээвэр логистикийн сүлжээ гацах, экспорт, импорт хумигдах, үйлдвэрлэл бизнес саатах эрсдэл арилсангүй, байсаар байна.

Ковид-19-өөс үүдсэн эдийн засгийн уруудалт нь нийгэмд бухимдал бий болгож, олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд үүссэн төвөгтэй байдал нь даяаршил, дангааршлын асуудлыг ч хөндөж, улс орнууд аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалаа ч эргэн шинээр харахад хүргэж байгаа билээ.

 Товчхондоо, эрсдэл бүх дэлхийд бий болж, түүнээс үүдсэн том сорилтын өмнө Монгол Улс тулж ирлээ.

Ийм учраас би гуравхан зүйлийг товч ярья гэж бодож байна.

Нэгдүгээрт, нөхцөл байдал ямар байгаа талаар, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлаас бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эрх зүйн шинэчлэлийн талаар, гуравдугаарт цаашид юуг зорьж, түүнийгээ ямар арга механизмаар хэрэгжүүлэх гэж байгаа талаар ярья.

Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлаас болж манай улсын эдийн засгийн өсөлт 2021 онд буурч, 4-5 хувьд хүрч болзошгүй байна. Хэдийгээр зэс, алт, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр, ирэх оны дунд үе хүртэл энэ ханш тогтвортой хадгалагдах төлөвтэй байгаа ч гадаад валютын нөөц сүүлийн 3 сарын хугацаанд 500 орчим сая ам.доллараар буурч, 4.5 тэрбум боллоо. Гадаад худалдааны болон төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал нэмэгдлээ. Инфляц зорилтот түвшнийг даваад байна.

Эрсдэлээс сэргийлэх, эдийн засгаа хамгаалах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар олон чухал  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснийг Та бүхэн сайн мэдэж байгаа учраас энд дурдахаа больё. Хүрсэн тодорхой үр дүн ч бий. Гэхдээ цаашдаа бид юу хийх вэ гэдгээ ярих нь илүү чухал.


Үүний тулд эхлээд оношоо зөв тавих шаардлагатай. Тийм учраас энэ оны долоодугаар сард Улсын Их Хурал дээр Ажлын хэсгүүдийг байгуулан гадаад, дотоод нөхцөл байдлыг зөв оношилж, цаашид хэрэгжүүлэх алсын хараа, чиг замаа зөв гаргахаар ажиллж байна.

Энэхүү ОНОШИЛГОО, ХАРАА, ЧИГ ЗАМ зөв гарвал бид эрсдэлийг ажралгүй туулж, эрчимт хөгжлийн гараагаа хэрэгжүүлж  чадна.

Үүний тулд ойлголтын зөрүү, уялдаа холбоогүй байдлаа арилгаж, сайтар зөвшилцөн ойлголцож, бүгд нэг зүгт харах ёстой гэдгийг зориуд онцолж хэлье. Үүнд өнөөдрийн уулзалтын зорилго, ач холбогдол оршино.

КОВИД-19 хүн төрөлхтнийг маш олон хэлбэрээр сорьж байна. Үнэнийг хэлэхэд түүнийг хэрхэн барьж авч, яаж гартаа оруулах, ямар зэвсгээр ялах нь ч тодорхой биш байна. Хэзээ энэ эрсдэл дуусах вэ, эсвэл үргэлжилсээр байх уу гэдэгт шууд хариулт өгөхөд хэцүү байна. Иймээс “Цар тахлын оньсого” буюу “The pandemic puzzle” гэсэн шинэ нэр томъёо хүртэл гарсан байна.

КОВИД-ийн тархалт нь нийгэмд:

-бухимдал, стресс үүсгэх;

-буруу ташаа мэдээлэл тархах;

-туйлшралыг өдөөх;

-зөрчлийг ихэсгэх;

-тэгш бус байдлыг нэмэгдүүлэх зэргээр сүүдрээ тусгаж байна.

Гэсэн ч ямар ч муу зүйлд сайн тал байдаг гэдэг. Бас эрсдэл бол боломж мөн гэсэн үг ч бий. Эрсдэлийн сүүдэрт боломжийн гэрлүүд асаж байна. КОВИД бидэнд:

-өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах;

-нөхцөл байдалд дасан зохицож, өөрчлөгдөн шинэчлэгдэх;

-хамтарч ажиллаж, бие биенээ дэмжих;

-технологийн дэвшил, инновацийг ашиглах зэрэг шинэ боломжуудыг нээж өглөө.

Эдгээр боломжийг цар тахлыг даван туулахад төдийгүй ирээдүйн сайн сайхны төлөөх зорилгодоо ашиглах нь нэн чухал байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, боломжийг бодит үр дүн болгох улс төрийн нөхцөл бүрдээд байна. Улмаар НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харах, үсрэнгүй хөгжиж дэвших боломжит түүхэн цаг  үе ирлээ гэж үзэж байна.


Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, КОВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар Улсын Их Хурал дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа.

Эрх зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын гурван хувьсгалыг  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зорилтын хүрээнд Их Хурал хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. Одоо эдийн засгийн шинэчлэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй байж болох юм. Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгож, “эдийн засгийн гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгаж, үүнийгээ бодитой хэрэгжүүлэх зөв механизмд тулгуурлах нь чухал байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮ-ийн танхим, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь энэ Ажлын хэсгийн зорилт байх болно. 

Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх нь зөв. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮ-ийн танхим, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг бид зорьж байгаа юм.

Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байна. Зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгаа.


Хамтын ажиллагаа яагаад чухал юм бэ гэдэг талаар ганцхан жишээ хэлье. Татварын байцаагч ирээд бизнесийнхний барилга байгууламжийг үнэлэхдээ “Энэ бол хааны ордон шиг тансаг хаус байна гэдэг. Банкныхан зээл өгөх болохоороо “Муурын байшин, саравч төдий юм байна” гэдэг тухай ярьдаг. Эндээс хөрөнгийн үнэлгээг зөв хийх, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль чухал нь харагдаж байгаа юм. Хэрвээ байгаа хөрөнгөө зөв үнэлж, эргэлтэд оруулж чадвал дэлхийн болон бүс нутгийн зах зээлээс ихээхэн хэмжээний хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Улмаар мөнгө, хөрөнгийн дутагдал багасаж, зэс хайлуулах үйлдвэрээс авахуулаад үсрэнгүй хөгжлийн гарааг эхлүүлэх том төслүүдийг хэрэгжүүлэх бололцоо бий болох жишээтэй.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх бодлогод хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс орны хөгжилд түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, баялаг бүтээгчид, үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал. Экспортын болон импортыг орлох үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих замаар ажлын байр бий болгох зорилгоор Газрын тосны тухай, Хийн хоолойн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөнгөн ба хүнд үйлдвэрийн тухай, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай зэрэг хуулиудыг батлахаар бид зорьж байна.

Засаглалын чадавхийг бэхжүүлэх нь эдийн засгаа сэргээх, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нэн чухал нөлөөтэй. Төрийн хүнд суртлыг халах, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, бизнесийн орчинд саад болж байгаа хүчин зүйлүүдийг цэгцлэх чиглэлээр Зөвшөөрлийн тухай, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай зэрэг хуулийн төсөл, шинэчилсэн найруулгыг хойшлуулалгүйгээр хэлэлцэх болно. Зөвшөөрлийн тухай хуулийн төслөөр гэхэд 1400 зөвшөөрлийг 400 болгон цөөлж, тэдгээрийг олгох ажиллагааг цахимд шилжүүлж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг болно. Ийм хуулиуд эдийн засагт шинэ сэргэлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн эдгээр хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцэх, батлахад Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байггын хорооны дарга Баттогтохын Чойжилсүрэн болон Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа, Хассуурийн Ганхуяг, Дамдинсүрэнгийн Өнөрболор, Ганибалын Амартүвшин, Болдын Жавхлан, Норовын Алтанхуяг, Одонгийн Цогтгэрэл, Сайнхүүгийн Ганбаатар зэрэг гишүүд манлайлж, ажлын хэсэгт орж ажиллах болно.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх, цар тахлын дараа эдийн засгаа богино хугацаанд үсрэнгүй хөгжлийн замд хөтлөн гаргах зорилт бол Монгол төрийн бодлого, Монгол түмний хүсэмжлэл, Та бидний хүсэмжлэл юм. Энэ зорилтоо бид НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж, цэгцрэх хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна. Бидэнд ийм нөөц, бололцоо бүрэн байна. Эрдэс баялгийн арвин үүцтэй, эрдэмт хүний дундаршгүй нөөцтэй, хувийн хэвшил нь өндөр чадавхитай улс орон бол Монгол. Эрсдэлийг даван туулах, улсаа хөгжүүлэх энэ эрхэм зорилгод хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид тулгуур багана болно гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

 “Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно” гэсэн үг байдаг. Хүсэл зорилгоо нэгтгэж, эрсдэл нүүрлэсэн энэ амаргүй хөрснөөс үсрэнгүй хөгжлийн цэцэг ургуулах үйлсэд нэгдэн зүтгэцгээе.

Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл