УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Франц Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш, дотнын анд нөхөд юм. Франц Улс манай улсын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсад айлчилж буй Сенатын эрхэм гишүүдэд талархал илэрхийллээ.
Тэрбээр “Франц улс манай улсад цар тахлын эрсдэлээс сэргийлэх, даван туулахад зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийг 242 сая ам.доллараар санхүүжүүлсэнд талархаж байна гэв.
Манай улс Франц Улстай худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.
Соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт хамтран ажиллахад бид таатай байх болно. Монголчууд франц киног шимтэн үзэж, утга, уран зохиол, яруу найргийг нь сайн мэддэг. Ялангуяа алдарт зохиолч Александр Дюмагийн зохиолыг уншаагүй хүн ховор. Нүүдэлчний өв соёл, үүх түүхийг харуулсан киног хамтран бүтээх боломж бий гэлээ.
Тэрбээр “Цар тахлын энэ үед манай улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна. Эрсдэлийг даван туулах нь тодорхой боловч өнөөдрийн нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна. Ямар ч муу зүйлд сайн тал бий гэдэг. КОВИД-ийн сүүдэрт буй боломжийг ашиглаж, хөгжлийн хөшүүрэг болгохын төлөө анд нөхөдтэйгээ бид бүхий л талаар хамтран ажиллахыг зорьж байна гэв.
Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй үнэт зүйл, түүх, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой манай хоёр орны хувьд харилцааны өнгөрсөн түүхээ улам бататгаж, одоо, ирээдүйн хамтын ажиллагаа маань харилцан өгөөжтэй, үр дүнтэй байгаасай гэж хүсч байна. Монгол Улсын хөгжил дэвшилд Франц Улс өөрийн хувь нэмрийг оруулж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэв.
Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дэд дарга Паскаль Мартин болон бүлгийн гишүүн Натали Дэлатр, Мари-Пиэр Ришэ нар айлчлалын хугацаанд парламентын түвшинд чухал ач холбогдолтой уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойлж байгаа талаараа танилцуулсан юм.
Хоёр улсын парламент хуулийн төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршлагаа харилцан солилцох, Франц, Монголын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд манлайлан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Түүнчлэн 2024 онд Франц Улсад болох олимпийн наадамд Монголын баг, тамирчдыг амжилттай оролцуулахад Сенатын эрхэм гишүүд тусалж, дэмжихээ илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй цаг үед ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал зохион байгуулсан хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Сенатын гишүүн Филипп Мүэй нарт уулзалтын төгсгөлд талархал илэрхийллээ.