Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 36 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай”, “Дүрэм шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолуудыг нийтэллээ. Тухайлбал, “Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журам” нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан болон мөн хуулийн 189 дүгээр зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд техникийн хяналт тавихад гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, санхүүжүүлэх, нөхөн төлүүлэх, төлбөрөөс чөлөөлөхөд чиглэжээ. 

    Харин “Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрэм”-ээр  боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий уг зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан байна. Мөн Үндэсний зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, хуралдаан, зөвлөлийн бүрэн эрхийг  тодорхой нарийвчлан зохицуулсан байна. 

    Түүнчлэн эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” тогтоолыг нийтэлсэн. Уг тогтоолд Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэн уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож, Улсын Их Хурлын  02 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл