Цэс

Холбоо барих

ХЗБХ: Байнгын хорооны тогтоолууд баталж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар мэдээлэл сонслоо

Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.09.28) хуралдаж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан 11 гишүүний ирцтэйгээр 10 цаг 20 минутад эхэлж, “Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.


    Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.11-т “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна” гэж заасан. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо 2021 оны 6 дугаар тогтоолоороо “Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус мөн тооны гишүүнийг Улсын Их Хурлаас нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахаар заасан. Энэ дагуу Байнгын хороо 2021 оны 5 дугаар тогтоолоороо сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материалыг 3 дугаар сарын 10-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд хүлээн авсан. Энэ хугацаанд нийт 59 хүсэлт, холбогдох материал ирүүлсэн бөгөөд 1 оролцогч нэрээ татсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дуулгав. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь хуульд заасны дагуу 11 гишүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, МӨХ-ны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар ажиллахаар холбогдох тогтоолыг баталсан. Харин Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбоотойгоор дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагааг түр зогсоогоод байсан юм.


    Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон гэдгийг С.Бямбацогт дарга танилцууллаа. Дээрх хугацаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан. Иймд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “Б.Саруул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга” гэснийг “А.Бямбажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх” гэж, “А.Бямбажаргал Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга” гэснийг “О.Мөнхсайхан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор” гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруусан байна.

    Төслийн талаарх Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.


    Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлуулахаар цагалварын төсөлд тусгасан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хөндөж, зарим мэдээлэл солилцов. Хууль зүйн байнгын хорооноос Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулан ажиллахаар төлөвлөөд байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм. “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж дээрх тогтоолыг батлав.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл танилцуулав

    Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаа хуралдуулж, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын хуралдаанаас 2021 онд гаргасан 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон. Эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тэрбээр хуралдааны явцын талаар, хуралдаанаас гарсан  шийдвэрийн талаар, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, тодорхой санал танилцуулсан.


    Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаан нь Улсын Их Хурлын холбогдох тогтоолыг биш, харин Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн Б.Энхбаяр гишүүн байр сууриа илэрхийлж, тайлбар хийв. Түүнчлэн холбогдох хуульд нь их суудлын хуралдаан шийдвэрээ нийт гишүүдийн 2/3-аар гаргах ёстой хэмээн заасан байхад 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаанаараа “ердийн олонх” буюу 5/4 харьцаагаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдээлээд, холбогдох тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн юм. Б.Энхбаяр гишүүний мэдээлэлтэй холбогдуулан Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, хариулт авав.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт бүхий “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол болон бусад баримт бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг шинэчлэхээр төлөвлөсөн байгаа гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга мэдээлэл өгч, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны хаврын ээлжит чуулганы үеэр өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгасан.


    Байнгын хорооны зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулах саналыг гишүүд гаргасан бөгөөд эл асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар санал хурааж, шийдвэрлэв. Түүнчлэн Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэдэг гишүүдийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газарт хугацаатай үүрэг өгөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл