Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 30 дугаарын тойм

    

    Эмхэтгэлийн энэ дугаарт Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг нийтэлсэн. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж болон бусад улс орны нийтлэг зохицуулалт, чиг хандлага, өөрийн орны онцлогийг харгалзан хуульд шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, бүтээлийн төрлүүдэд олон салбарыг хамруулснаар бүтээл туурвигчийн бүтээлийг нарийвчлан тодорхойлж өгөх боломж бүрдсэн бөгөөд график урлагийн бүх төрлийн бүтээл, тэдгээрийн зураг төсөл, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор, кино урлаг, компьютерын программ болон мэдээллийн сан зэргийг зохицуулсан. Мөн дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байсан учраас уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн эрхийг өмчлөх, эрхийг шилжүүлэх тохиолдолд бүтээлийг нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй байх, бүтээл ашиглах бусад онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрхийг энэ хуульд заасан журмын дагуу зохиогчийн эрх эзэмшигчээс авах үүрэгтэй, бүтээлийг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд уг бүтээлийн зохиогчид худалдсан үнийн дүнгийн таваас багагүй хувийг төлөх үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр тусгасан байна.

   Өргөн нэвтрүүлгийн телевиз, олон сувгийн дамжуулагчдад зохиогчийн эрхийн бүтээлийг олон нийтэд түгээхтэй холбоотой зохицуулалтыг тусгахын зэрэгцээ энэ хуулиар лицензийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, мэдээллийн зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах, хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах, архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах зэрэг гэрээний тодорхой төрлүүдийг хуульчилсан зэрэг  бусад шинэлэг зохицуулалттай дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

    Шинэ дугаарт “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн. Тогтоол нь 5 заалт, 1 хавсралтаас бүрдэх бөгөөд уг төлөвлөгөөнөөс улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжих суурь нөхцөл, хэрэгцээ шаардлага, ач холбогдлоор нь эрэмблэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, төсвийн орлогын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгахыг Засгийн газарт даалгасан. Түүнчлэн  Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө нь зургаан бүлгийн 23 зорилгын хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх 300 төсөл, арга хэмжээнээс бүрдэх бөгөөд төсөл, арга хэмжээ тус бүрийн суурь болон зорилтот түвшин, 2022 онд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр, үндсэн болон хамтран хариуцагч байгууллагыг тусган баталсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл