Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгээс өнөөдөр /2021.08.12/ “Барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдэвт цахим уулзалт хийв.
Хамтарсан ажлын хэсэг боловсрол, соёл, спортын салбарын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа, бүтээн байгуулалтуудын явц байдалтай танилцан ажиллаж байгаа бөгөөд ковидын нөлөөгөөр барилгын материалын үнэ өссөнөөс шалтгаалан төсөл, арга хэмжээ удааширч буй хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцов. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Барилгын хөгжлийн төв, Төрийн худалдан авах ажиллагааны газар, гаалийн байгууллага зэрэг холбогдох бүх талуудын албан тушаалтнууд оролцож, барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан, цаашид үнийн өсөлтийг хэрхэн бууруулах талаар танилцуулга, мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд өглөө. Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан ажлын хэсэг болон дэд ажлын хэсгээс танилцуулга, мэдээлэл хийсэн албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авав.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг үг хэлэхдээ хамтарсан ажлын хэсгийн ажлын тайланг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцсэнээр Байнгын хорооны тогтоол гарна гэдгийг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.