Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2021.08.13) Монголын Финтек, Блокчейны зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав.


    Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин болон “Дриймэрс” нэгдэл, “Койн хаб” ХХК, “Ай Си Ти” групп, “Их Бит” ХХК, “Стэпп групп” ХХК,  “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, Монголын Хуульчдын Холбооны Олон улсын эрх зүйн хорооны төлөөллүүд оролцлоо.


    Хэлэлцүүлгийн эхэнд “Их Бит” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг олон улсын крипто зах зээл, хэрэглээ, хуулийн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн. Үргэлжлүүлэн “АйСиТи” группын ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн технологи, Монгол Улс болон олон улсын блокчэйны хэрэглээний талаар мэдээлэл өгөв. Мөн Монголын Хуульчдын Холбооны Олон улсын эрх зүйн хорооны дарга О.Батхүү крипто валютын олон улсын хууль эрх зүйн орчны талаар танилцуулгыг хийсэн.



    Хэлэлцүүлгийн үеэр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөлөл Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлд өөрсдийн саналаа хүргүүлэв. Тухайлбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгох, крипто хөрөнгө худалдан авах, борлуулахад хяналт тавих, шинээр койн гаргахад тавих шалгуурыг тодорхой болгох зэрэг саналыг хэлж байлаа.


    Хэлэлцүүлгийн төгсгөлд талууд асуулт асууж, хариулт авч, санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл