Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр (2021.09.10) “Ногоон алт - малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх цахим арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
Тэрбээр, “Ногоон алт - малын эрүүл мэнд” төсөл Монгол Улсад мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлсэн Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийг боловсруулахаас эхлэн бэлчээрийн менежментийг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад монгол малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг дэлхийд таниулан сурталчлах хүртэл Монгол Улсын мал аж ахуйн салбарын чадавхыг бүрдүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн баялаг түүхийг бүтээсэн.
“Ногоон алт” төслөөс хэрэгжүүлсэн бүхий л үйл ажиллагаа нь монгол малыг эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, улмаар малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чиглэж байсан. Энэ төслийн хүрээнд ХАА-н салбарт гарсан үр дүнгүүд, загвар сумд, төслүүд нь бидний мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл ажиллагаандаа жишиг загвар, алсын хараа болгон хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Ногоон алт - малын эрүүл мэнд” төсөл Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ болсон. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ногоон алт - малын эрүүл мэнд” төслийн хамт олондоо, Швейцарын хөгжлийн агентлагт чин сэтгэлийн халуун талархлыг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа илэрхийлье гэв.
2004 оноос хойш малчдын анхан шатны байгууллага болох бэлчээр ашиглагчдын бүлгүүдийг бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, эдийн засгийн боломжийг сайжруулах чиглэлээр дэмжин ажиллах хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт - малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 9.8 сая швейцарь франкийн санхүүжилт хийгдэж, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймгийн 75 мянга гаруй малчин өрх уг төсөлд хамрагдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.