Цэс

Холбоо барих

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.10.28) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 19 минутад эхэлж, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. Үдээс хойших хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.


    Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтын “мэдээлэл болон тоон гарын үсэгт өөрчлөлт оруулсан” гэснийг “мэдээлэлд өөрчлөлт оруулсан” гэж өөрчилж, төсөлд “Мэдээллийн системд хүн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах зорилгоор тоон гарын үсгийг ашиглаж болно” гэсэн агуулгатай 6.6 дахь хэсэг нэмэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 29 нь буюу 61.7 хувийн саналаар дэмжсэн юм. Мөн “Цагийн бүртгэл” хэмээх төслийн 9 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахыг, төслийн 14 дүгээр зүйлд “14.2.4.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэхдээ энэ хуулийн 10.3-т заасан хязгаарлалт тогтгоох;” гэсэн агуулгатай 14.2.4 дэх заалт нэмэхийг, төслийн 20 дугаар зүйлийн 20.2.14 дэх заалтыг хасах зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү зарчмын зөрүүтэй 18, найруулгын 1 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулсан. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тус Байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “олон улсын байгууллага” гэсний дараа “түүний" гэж нэмэх, мөн төслийн 2 дугаар зүйлийг хасах санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа төслийн 1 дүгээр зүйлд гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.18 дахь хэсэгт заасныг баримтлан уг саналаар санал хураагаагүй байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг тодорхой заасан ч 2020 оны долдугаар сард тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал” хавсарч болохоор нэмсэн нь Улсын Их Хурлын гишүүний хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх чиг үүргээс гадуур ашиг сонирхолын асуудал үүсгэх тул Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4 дэх заалтыг хасах боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан юм.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт гишүүн асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүд аливаа олон нийтийн болон төрийн бус байгууллагад ямар нэг сонгуульт албан тушаал хашихыг хязгаарласан байсан ч үүнийг 2020 оны долдугаар сард өөрчилсөн. Үүнийг анхаарч, гишүүд болж өгвөл хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнийг төлөөлөх гэсэн үндсэн үүргээс гадна Засгийн газрын гишүүнээр ажиллахаас бусад сонгуульт ажил, албан тушаал эрхлэхийг хязгаарлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явууллаа. Дараа нь төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг тус тус танилцууллаа.


    Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын Их Хурлаас баталсан зарим бодлогын баримт бичгүүдийн давхардал, зөрчлийг арилгах шаардлагатай гэж үзэн Улсын Их Хурлын тогтоолоор баталсан хүчингүй болсонд тооцох шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн жагсаалтыг гаргажээ.  Эдгээр бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг тодруулан үзэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй төрөөс баримтлах бодлого-12, үндэсний хөтөлбөр-4, дунд хугацааны стратеги-1, нийт 17 баримт бичиг байгаа юм байна. Эдгээр баримт бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй агуулгын давхардал, зөрчил үүсгээд байгаа аж.

Иймд дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолоор баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоолоор баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тоо болон тогтоолын төсөлд туссан Улсын Их Хурлын 17 тогтоолыг хүчингүй болгосноор хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоо хангагдах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан 7 зорилтот хөтөлбөрийн төслийг хэзээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлын гишүүдээс болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдпагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулсан эсэх болон бүсчилсэн хөгжлийн бодпогын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан шинэ нийслэлийн зохицуулалтын талаар асуулт асууж, хариулт авсан байна.


    “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 80 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн хэрэгжилтийн талаарх асуултад ажлын хэсгээс хариулахдаа, дээрх хууль батлагдан, хэрэгжсэнээр оролцогч талуудын хүлээх чиг үүрэг, хариуцлага нэн тодорхой болсон бөгөөд хөгжлийн бодлогын суурь баримт, бичгүүдийг боловсруулсан гэв. 1990 оноос хойш хоорондоо уялдаагүй, давхардал, хийдэл, зөрчилтэй 567 бодлогын баримт бичиг байсныг цэгцлэх ажлыг хийж Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар, 2021 оны 10 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэв. Гэхдээ зарим нэг төлөвлөлтийн баримт бичгийн цагалбарыг уялдуулах шаардлага бий гэлээ.  

    Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Бямбацогт нар үг хэлж, төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

    Үргэлжлүүлэн “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрийн УИХ-03/9902 тоот албан бичгээр Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Хууль зүйн байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.


    Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг нар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, дэд хорооны гишүүний хувьд баримтлах зарчим, хэрэгжүүлэх ажлын талаар асуулт асууж, хариулт авсан байна.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжиж, “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

    Ц.Мөнхцэцэг гишүүний танилцуулсан Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд, М.Оюунчимэг, Н.Учрал нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны дарга нараас асуулт асууж, хариулт хэлэв. Улсын Их Хурлын гишүүд олон нийтийн анхааралд байгаа тодорхой хэргүүдэд анхаарал хандуулж, шийдвэрлэх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан хийх эрхийг нь зохих ёсоор хангах үүрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Улсын Их Хурал сүүлийн жилүүдэд хүний эрхийг хангах чиглэлээр ихээхэн санаачилгатай ажиллаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллаж ирсэн талаарх мэдээллийг С.Бямбацогт гишүүн хэлж байв. Парламент дахь хүний эрхийг хамгаалах бүтэц нь хүчирхэг байх нь нэн чухал гэдгийг Н.Учрал гишүүн хэлээд, парламент дахь хүний эрхийг хамгаалах бүтцийн гишүүн нь хамгийн туршлагатай, мэргэшсэн парламентч хэмээн олон улсын түвшинд өндрөөр үнэлэгддэг талаар хэлж байв. Тиймээс Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороог бэхжүүлж, идэвхтэй ажиллуулахад хамтарч ажиллахаа илэрхийлж, Ж.Сүхбаатар гишүүнийг дэмжиж байгаагаа хэлсэн. Тус Дэд хорооны гишүүнээр сонгогдсоныхоо дараа олон нийт, нийгмийн анхаарлыг татаад буй хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэх үүднээс Дэд хорооны хуралдаанаа шуурхай зохион байгуулахыг хүсэв.


    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 28 нь дэмжсэн. Үүгээр “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд ажиллахаар болов.

Ийнхүү Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тул Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ирэх долоо хоногт хуралдаж, тодорхой асуудлуудыг авч хэлэлцэх, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох, хүний эрхийн нөхцөл байдлыг тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлэнэ хэмээн итгэж буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлээд, Хууль зүйн байнгын хороо анхаарал хандуулж ажиллахыг хүссэн. Дараа нь тэрбээр Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.


    Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Байнгын хороо мөн өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат тус урамшуулалд багтах албан хаагчдын тоон мэдээллийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил аймгийн төвөөс бусад суманд гэснийг хэрхэн ойлгож байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Багануур, Багахангай, Налайх дүүргийн албан хаагчид нийслэлээс алслагдмал газарт ажиллаж байгаа хэдий ч дүүрэг гэдэг статусаас шалтгаалан нийгмийн баталгаа нь орхигддог асуудлыг цаашид анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн төрийн тусгай албан хаагчдын ажлын онцлогийг дурдаад, хуулийн төслийг дэмжиж байгаа талаар саналаа илэрхийлжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. 

    Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал танилцуулав.


    Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулиудыг шинэчлэн найруулж Чөлөөт бүсийн тухай нэг хууль болгон баталсан юм.

    Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудал ямар нэгэн зохицуулалтгүй үлдсэн. Чөлөөт бүсийн үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хил, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бөгөөд чөлөөт бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг хөрш улстай байгуулсан хэлцээрийн дагуу зохицуулах юм. Иймээс чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг хилийн боомтын үйл ажиллагааг нээх, хаахтай адил буюу Засгийн газрын шийдвэрээр зохицуулах бодит хэрэгцээ шаардлага үүссэн тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг Засгийн газар болон хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлд бий болсон тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай 6.4, 6.5 дахь хэсэг нэмэх, үүнтэй уялдуулан мөн зүйлийн гарчигт холбогдох хэсэг нэмэхээр тус тус төсөлд тусгажээ.

    Чөлөөт бүсийн тухай (2015 онд батлагдсан) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын ““хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэсэн томьёолол нь агуулга, найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдохоос гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Чөлөөт бүсийн газар нь боомтын нутаг дэвсгэрт хамаарахгүй.” гэж заасантай зөрчилдөж байгаа тул ““эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “боомтын” гэснийг “зурвас дахь газарт” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “боомтод” гэснийг “зурваст” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “боомт” гэснийг “зурвас” гэж тус тус өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

    Олон нийтийн аюулгүй байдыг хангах, нийтийн хэв журам хамгаалах асуудал нь Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаг тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Чөлөөт бүсэд нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалах үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ.” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ.

    Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дээр дурдсан дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсээд байна.

    Чөлөөт бүсийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 хэсэгт “Чөлөөт бүсийн захирагч нь тухайн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх асуудлаар орон нутгийн ирдэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай хамтран ажиллана.” гэж заасан нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудалтай зөрчилдөж байгаа тул “байгуулж” гэснийг, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.7, 22 дугаар зүйлийн 22.2-22.7 хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1-23.3 дахь хэсгийн “эзэмших”, “эзэмшүүлэх”,”эзэмшиж” гэснийг Монгол Улсын хилийн тухай хуульд нийцүүлэн тус тус хасах шаардлагатай болжээ.

    Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтын уялдааг хангах, хуулийн зарим хэсэг, заалтын агуулга, найруулгын дээр дурдсан зөрчил болон хийдлийг арилгах, Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг тодорхой болгох, Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал аль сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг баталгаажуулах боломж бүрдүүлэхээр Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


    Эдийн засгийн байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтын уялдааг хангах, хуулийн зарим хэсэг, заалтын зөрчил, хийдлийг арилгах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудлыг тодорхой болгох, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал ямар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг баталгаажуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагч үзсэн аж.

    Тус Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах газар олголт дээр төр анхаарах, Замын-Үүд чөлөөт бүсийн ажлыгзөв явуулж, менежментийг оновчтой хийх, гадаад орнуудын туршлагыг судлах, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг чөлөөт бүсийг санхүү, эдийн засгийн бодлогоор дэмжих, ирэх жилд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд хилийн асуудлаа хөрш орнуудтайгаа ярилцаж, бодлого, үйл ажиллагаагаа сайжруулах, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хил залгаа улс орнуудтай халдвар хамгааллын талаар тохиролцож хамтран ажиллахад анхаарах, өргөн хэрэглээний барааг тасалдуулахгүй байх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг чөлөөт бүсийн дэд бүтцийг барьж байгуулахад аж ахуйн нэгж байгууллага, бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах асуудлыг ойлгомжтой болгох, цаашид дэд бүтцийн ашиглалтад анхаарах, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар тухайн орон нутгийн эрх бүхий байгууллага нь чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид шаардлага тавих, стандарт нэхэхээс илүүтэй дэмжин ажиллахад анхаарах гэсэн саналыг гаргаж, хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан гэв.

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Н.Ганибал гишүүн танилцуулав.


    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Шадар сайд болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул, “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди, ажлын хэсгийн бусад гишүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авав. Ноос, ноолуурыг боловсруулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспортыг чөлөөт бүсийн үйл ажиллагааны хүрээнд дэмжих боломж бий бөгөөд төслийг баталснаар чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлэх талаар С.Бямбацогт гишүүн тодруулсан. Тус чөлөөт бүс нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа гэдгийг “Цагааннуур” чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди хэллээ. Энэ жилдээ тус чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж  байгаа гэв. Тус чөлөөт бүсээр хонь, адууны мах, малын ноос, хялгас, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнүүд ОХУ болон Казахстан Улс руу экспортлогдож байгаа юм байна. Түүнчлэн тус чөлөөт бүсээр дамжих AH 4 олон улсын авто замын бүтээн байгуулалт дуусч байгаа, “Цагааннуур” чөлөөт бүсээс боомт хүртэлх 28 км авто зам ирэх хавар дуусах төлөвлөлттэй. Энэ авто замын бүтээн байгуулалт дууссанаар тээвэр, ложистикыг “Цагааннуур” чөлөөт бүсээр дамжуулах боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа тэрбээр хэллээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Новосибирск хотоос “Цагааннуур” чөлөөт бүс, тус чөлөөт бүсээс Улаанбаатарт ирэх нэг тонн ачааны өртөг 300-350 мянган төгрөг байгаа гэдэг тооцоо байдаг аж. Харин “Алтанбулаг”-аар дамжин дээрх маршрутаар ирэх нэг тонн ачааны өртөг 600-650 мянган төгрөг байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг дахин хямд байгааг А.Аманкелди дарга танилцуулсан. Цар тахлын өмнө буюу 2019 онд импорт, экспорт эрчимтэй байсан бөгөөд 162 тэрбум төгрөгийн импорт хийж, 111 тэрбум төгрөгийн экспорт хийж байжээ. 2020 онд боомт хэсэг хугацаанд хаалттай байсан бөгөөд 118 тэрбум төгрөгийн импорт хийж, экспорт 5.6 тэрбум төгрөг болсон гэв. Баруун таван аймгийг бараа, тээврээр хангадаг байсан дамжлага баазын суурин дээр байгуулагдсан тус чөлөөт бүс нь тээвэр ложистик болон худалдааны чиглэлээр хөгжих бүрэн бололцоотойг холбогдох тооцоо, судалгаа илэрхийдэг гэв.

    Дээрх төсөл батлагдсанаар Эрээн-Замын Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч А.Энхзул хэлэв.  

    “Алтанбулаг” чөлөөт бүс нь 2014 онд байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжин, одоогоор улсын төсвөөс 26.5 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа гэх мэдээллийг “Алтанбулаг” чөлөөт бүсийн ажлын албаны дарга Х.Балжмаа өглөө. Тус чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар 136 аж ахуйн нэгжийн 9.1 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалт ороод байгаа аж. Хууль батлагдсанаар ОХУ-тай Засгийн газрын түвшинд чөлөөт бүсээ хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах нөхцөл бүрдэх юм байна. Тус чөлөөт бүс үйл ажиллагаагаа долоон жилийн турш явуулж байгаа, одоогоор 20 аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаагаа явуулдаг. Бараа эргэлт 6, зорчигч 7 дахин, тээврийн хэрэгсэл 5-6 дахин нэмэгдсэн, нийт 15 орноос 100 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнийг импортолж байгаа талаар мэдээллээ. Орон нутагт 706 түр ажлын байр, 66 байнгын ажлыг байрыг бий болгожээ. Экспортыг дэмжих үйлдвэрлэлийг чөлөөт бүсдээ явуулах зохицуулалттай ч цахилгааны асуудлаас болоод өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл эхлүүлээгүй. Ирэх оны улсын төсвийн төсөлд тус чөлөөт бүсийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн, ийнхүү цахилгаанаа шийдвэл үйлдвэрлэл явуулах хэд хэдэн санал ирсэн, зарим төсөл бэлэн байгаа гэлээ.


    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Т.Аубакир, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Э.Батшугар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ. Дараа нь санал, хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 51.2 хувь нь Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл