Цэс

Холбоо барих

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.26/ хуралдаан 10.17 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал даргалан явуулав.


Хуулийн төслүүдийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрлөө. Харин Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувь, жилийн эцсээр 4.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байна.

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр экспортын хэмжээг өсгөж, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэх замаар ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг тавьсан.

Тухайлбал, уул уурхайн салбарт геологийн судалгааны ажлыг идэвхжүүлснээр Монгол Улсын эрдсийн түүхий эдийн нөөц, баялгийг өсгөх, уул уурхайн тогтвортой үйл ажиллагааг хангахыг зорьж байна. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн нөхцөлийг хангах, дэд бүтцийн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай барилгын материалын нөөцийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Ирэх онд Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах хоолой, Богдхан төмөр зам, улсын чанартай томоохон төмөр зам, авто замын төслүүдийг эхлүүлж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж дотоодын хэрэгцээг бүрэн хангах Газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр барих төслийг эрчимжүүлнэ.

Түүнчлэн, Засгийн газраас баримталж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийг зохистой түвшинд хадгалах бодлогын хүрээнд хөнгөлөлттэй зээл олгох, нөөцийн мах бэлтгэлийн үнийн зөрүүг олгох, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, сүү, улаанбуудайн урамшуулал олгох зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж байна.

Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлж байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав.


Тэрбээр, Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулсан юм.

Аудитын дүгнэлт 6.3         

Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Тухайлбал, ТЕЗ-дын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.

Аудитын дүгнэлт 6.5

Засгийн газраас өргөн мэдүүлсэн газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосиныг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар буцаан татсан тул уг бараанд ногдуулах онцгой албан татварыг тооцоолж төсөвт тусгах шаардлагатай байна.

Аудитын дүгнэлт 6.6

Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.

Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.

Аудитын дүгнэлт 6.7:

Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна.

Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод  байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагаанд уг зохицуулалт тодорхойгүй байна.  

Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай.

Аудитын дүгнэлт 6.10

Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зохицуулалт хийх шаардлагатай.

Аудитын дүгнэлт 6.13

Олон улсын байгууллагуудаас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өгсөн зөвлөмжийн хүрээнд нийтийн эрүүл мэндэд чиглэсэн цогц арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвт бодитой тооцож тодорхой тусгаснаар нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, 2020, 2021 онд эхэлсэн барилгын ихэнх ажлууд дууссангүй. 2022 онд магадлан хийж барилгыг дуусгах боломж бий юу хэмээн лавласан.


Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын мэдээлснээр, барилгын материалын үнэ өнгөрсөн оны тавдугаар сараас нэмэгдэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын ажлуудад хүндрэл үүссэн аж. Үндэсний статистикийн газраас гаргасан барилгын үнийн индексээр тооцож үзэхэд 220 орчим тэрбум төгрөгийн өсөлт гарсан байна. Барилгын компаниудын гүйцэтгэл 30 хувь, 70 хувь гэх мэтчилэн янз бүр байгаа бөгөөд 2022 оны эхэнд дахин үнийн өсөлтийн индексийг тооцож үзэн магадлал хийгээд хэрхэн санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж үе шаттайгаар шийдвэрлэнэ гэлээ.


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний бие даасан байдлыг хангахад чухал үүрэгтэй гэдгийг онцолсон. Гэхдээ УЦС-ын бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөлтөд Увс аймгийн Өмнөговь сумын 100 гаруй малчдын хашаа хороо, бууц, бэлчээр орчихоод байгаа юм билээ. 2022 онд тэдгээр малчдыг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговортой холбоотой зардал төсөв тусгагдсан уу хэмээн тодруулсан юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол баруун бүсийг цахилгаанаар хангана. УЦС байгуулахад байгаль болон нийгмийн нөлөөлөл бий болж байгаа нь үнэн. Гэхдээ энэ төслийг бид заавал хэрэгжүүлэх ёстой. Өөр гарцаар баруун бүсийг эрчим хүчээр хангах бололцоо байхгүй. Ганцхан жишээ хэлэхэд саяхан Хятадад УЦС байгуулахын тулд 1.2 сая иргэн, хэдэн мянган тосгоныг нүүлгэн шилжүүлсэн байна.


Усан цахилгааны станцын усан сан байгуулах 9700 га газарт, 270 орчим иргэний бэлчээр, газар тариалангийн газар бий. Албан ёсны гэрчилгээтэй, зөвшөөрөлтэй нь 50 орчим айл бий. Ихэнх баг сумын иргэдтэй харилцан ойлголцож байгаа. Увс аймгийн Өмнөговь сумын иргэдээс нэлээд эсэргүүцэл ирж байна. Нөхөн олговортой холбоотой холбогдох үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж байгаа. Нөлөөлөлд автсан иргэд, аж ахуйн нэгжүүдээ одоо байгаа амжиргааны болон орлогын түвшинг дордуулахгүйгаар нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулна. Зовлон тоочоод ажил зогсвол баруун бүсийн 70 орчим мянган иргэдийн цахилгаанаар хангах боломжгүй болно гэсэн хариултыг өгсөн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Ганбаатар, Д.Батлут, Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар асуулт асууж хариулт авсан. Гишүүд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих урамшуулал ямар зарчмаар явж байгаа, Эрдэнэтийн зэс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтын талаар асууж тодруулсан.

Эцэст нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл