Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.26/ хуралдаан 12 цаг 30 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Эхлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсын 2022 оны төсвийн төслөөс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд танилцууллаа. Тэрбээр 2022 онд эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн шинэчлэлтийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллах ба энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, анхан шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, стратегийн худалдан авалтыг оновчтой болгох, үйлчилгээний чанарт тавих иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьж байна.
Эрүүл мэндийн даатгалаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлж байгаа ч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын дөнгөж 7.9 хувь нь шинжилгээнд хамрагдсан нь хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэнийг харуулж байна. Өвчнийг эрт үед нь оношилж, илрүүлэх нь өвчилсөн хойноо бус даамжрахаас өмнө эмчилж, иргэн болон төрөөс их хэмжээний зардал гаргахаас сэргийлэх ач холбогдолтой. Тиймээс 2022 оноос иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг хамруулах ажлыг эрчимжүүлнэ.
Харин нийгмийн хамгааллын салбарт хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар тэтгэх бус ажил эрхлэлтийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийнэ. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавьдаг болно. Түүнчлэн байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төлөвлөлөө. Ингэснээр Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж хадгалах, хуримтлуулах дадал зуршилд хүүхэд наснаасаа суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаар өөрийн боловсролдоо хөрөнгө оруулах боломжтой болно гэж дурьдлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулахдаа тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав.
Тэрбээр мөн олон улсын байгууллагуудаас цар тахлын нөхцөл байдлыг харгалзан өгсөн зөвлөмжийн хүрээнд нийтийн эрүүл мэндэд чиглэсэн цогц арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвт бодитой тооцож, тодорхой тусгаснаар нүүрсний экспортыг төлөвлөсөн хэмжээнд хүргэж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон дээрх яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ч.Ундрам, С.Ганбаатар, С.Одонтуяа, С.Чинзориг, Ц.Туваан, П.Анужин, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Б.Бейсен, Д.Батлут, Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд холбогдох хууль тогтоомжид аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын байрныхаа тодорхой хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах, хэрвээ ажиллуулаагүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сар бүр төлбөр төлөх тухай олон жил ярилаа. Судалгааны дүнгээр үүнийг төсвийн байгууллагууд огт биелүүлдэггүй, тэглээ гээд торгодог ч үгүй нь харагдаж байна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх том зорилтын хүрээнд энэ ажил, үйлчилгээнээс хэдий хэмжээний хөрөнгө төсөвт суулгасан талаар тодруулав. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг дээрх асуултад батлагдсан хуулийг хэрэгжүүлэх ёстой, төсвийн байгууллагуудыг аль болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахыг шахаж, анхаарч ажиллана. Хэрвээ ажиллуулахгүй бол ажлын байрны хувиар тооцож төлбөр авна. 2022 онд 104 тэрбум төгрөгийн орлогын төсөвлөлттэй байна гэж хариулсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 2021 онд 1.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Энэ мөнгийг бүхэлд нь хөгжлийн бэрхшээлтэй игэддээ зориулж зарцуулна гэж хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам урдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хэдэн төгрөг төсөвлөсөн талаар болон өндөр цалин авсныхаа хэрээр Эрүүл мэндийн даатгалын санд өндөр шимтгэл төлдөг даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ дүйцэх тусламж, үйлчилгээ авч чадахгүй хохирч байгаа учир үүүний зааг ялгааг гаргаж, боловсронгуй болгох, өөрчилж, шинэчлэх ажил хийгдэх эсэхийг тодрууллаа. Энэ асуултад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг 2022 онд нийт хүн амын 50 хувь, зорилтот бүлгийн 70-аас дээш хувь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал 60.8 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг үндсэн дээр энэ хэмжээний мөнгийг төсөвт тавих санал оруулсан гэж хариулсан бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл эв санааны зарчим дээр үндэслэж явдаг. Өвдөөгүй нь өвдсөнийхөө, залуу нь ахмад настныхаа даатгалыг нөхдөг зарчмаар хэрэгждэг гэсэн агуулгаар хариуллаа. Энэ үеэр байнгын хорооны дарга М.Оюунчимэг өндөр шимтгэл төлснийхөө хэмжээгээр тусламж, үйлчилгээ авдаг болох шинэчлэл рүү чиглэсэн ажил хийх нь зүйтэй талаар саналаа эрүүл мэндийн салбарын удирдлагуудад илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонуяа эрүүл мэндийн салбарын зардлын хөрөнгө оруулалт бага байгаа хэрнээ соёлын салбарт төсөвлөсөн мөнгө хамаагүй их байна. Асуудлын нэгдүгээрт монгол хүний эрүүл мэнд байх ёстой гээд ХӨСҮТ-д их засварт зориулж дангаар нь 2 тэрбум тавьж өгөх боломж байна уу гэдгийг тодруулж, хариулт авав.
Гишүүд нийтийг хамарсан халдварт өвчин буюу корона вирусийн эмчилгээний зардлыг төр хариуцах хэвээрээ эсэх, анхан шатны буюу сум, өрхийн эмнэлгүүдийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн тарифийг нэмэгдүүлэх, иргэдийн тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямар шинэчлэл хийх зэрэг асуудлыг тодруулж, хариулт авлаа.
Асуулт асууж, хариулт авч дууссанаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Туваан, П.Анужин, Б.Жаргалмаа, С.Чинзориг нарын гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ. С.Одонтуяа нарын 10 гишүүний гаргасан ХӨСҮТ-ийн их засварт хоёр тэрбум төгрөг тусгах зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн 60 хувийн саналаар дэмжсэн юм.