Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 39 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ.


Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан бөгөөд Үндсэн хуулийн болон Парламентийн засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг арга зам бол Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байж иргэд, олон нийтийн оролцоог хангах асуудал чухал билээ.

Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын нарийвчилсан журмыг энэ хууль болон Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Улсын Их Хурал, захиргааны хэм хэмжээний сонсголын нарийвчилсан журмыг энэ хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Засгийн газар батална.” гэж заасан бөгөөд Улсын Их Хурлаас “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам”-ыг баталсан юм.

Хуульд заасан эрх бүхий байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг судлах, сонсголыг товлох, зарлах, сонсголд оролцогч болон бусад этгээдийг бүртгэх, мэдэгдэх, сонсголд оролцогч, сонсгол даргалагчийн эрх хэмжээ, сонсголыг зохион байгуулах, сонсголын тайлан гаргах асуудлыг “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам”-д нарийвчлан зохицуулсан.

Нэр дэвшигч нь хуульд заасан болзол шаардлагыг хангасан эсэх, мэргэшил, мэдлэг чадварын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэг бүхий хөндлөнгийн хараат бус шинжээчийг Байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёрын саналаар томилдог байх зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр хараат бус шинжээч нь зөвхөн хуульд захирагдан тухайн нэр дэвшигчийн талаар хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан мэдээлэл цуглуулж томилгооны сонсголд болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм.

Мөн дугаарт Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрийн төлөөллийг жигд хангаж, тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр 1 иргэнийг дотоодын төрийн өмчийн их сургуулийн дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгохоор тусгажээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэдийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх асуудлыг багтаасан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Журам, маягт батлах тухай Засгийн газрн тогтоолыг нийтэлсэн байна. “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ыг уг тогтоолоор баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл