Цэс

Холбоо барих

“Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл бичих арга зүй” сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл бичих арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр (2021.11.08) зохион байгуулав.

Уг сургалт нь Парламентын судалгааны хүрээлэнгийн судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлэх чадавхыг сайжруулах, хувь судлаачийн өсөн дэвжих  боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Сургалтыг АШУҮИС-ийн Био анагаах ухааны сургуулийн багш, АУ-ны доктор Г.Өлзийжаргал удирдан явуулсан бөгөөд шинжлэх ухааны өгүүллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, арга зүйн дагуу хэрхэн бичих, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэрхэн хэвлэн нийтлүүлэх, экспертийн түвшинд судалгааны үр дүнг танилцуулах, шүүмж хүлээн авах зэрэг нь хувь судлаачид төдийгүй шинжлэх ухааны хөгжилд ямар ач холбогдолтой болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, практик арга туршлагаа хуваалцлаа.

Түүнчлэн Парламентын судалгааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн доктор Д.Амаржаргал өөрийн арга туршлагаас хуваалцаж, судлаачидтай дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.

Танхимын хэлбэрээр зохион байгуулагдсан уг сургалтад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Норовдондог болон хүрээлэнгийн судлаачид оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль, тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, мөн практикт хэрэгжихүйц, үр нөлөө бүхий, үндэслэл сайтай бодлого, шийдвэрийг батлан гаргахад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, оролцоо маш өндөр. Манай судлаачид тодорхой салбар, чиглэлээр мэргэших, эрдэм шинжилгээний бүтээл туурвих арга зүйг сайжруулах, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ хэвлэн нийтлүүлж, хөгжих шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн судлаачдын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах, эрдмийн зэрэг цолоо ахиулах хүсэл эрмэлзлийг Тамгын газрын зүгээс бүхий л боломжоор дэмжин ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл