Цэс

Холбоо барих

Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн талаар болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл сонслоо

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2021.11.01/ хуралдав. Дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдаан 14 цаг 15 минутад эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” гэж заасан эрхийн талаар болон Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг тус Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаанд Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллага зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцож, Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комиссоос Дэд хорооны гишүүдэд мэдээлэл, танилцуулга хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хийсэн мэдээлэлдээ, өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал, цуглаан зохион байгуулах талаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, бүртгээгүй гээд хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авсан талаар танилцуулав. Тэрбээр мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд зарим улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс улсын хэмжээнд 451 жагсаал, цуглаан,  12 удаа суулт, өлсгөлөн зохион байгуулсан тухай тоон мэдээллийг дурьдлаа.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал, цуглаан хийхэд цагдаагийн байгууллагаас зөвшөөрөлгүй, бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр тэдэнд шаардлага хүргүүлсэн.  Улмаар цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчиж, зөвшөөрөлгүй олон нийтийг цуглуулсан гэх шалтгаанаар байцаалт мэдүүлэг авахаар түр саатуулсан, цагдан хорьсонтой холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос авч хэрэгжүүлсэн ажиллагааны талаар болон иргэн С.Жавхлан улс төрийн суулт зохион байгуулж байгаад эмнэлгийн тусламж авч, суултаа зогсоосон явдалд анхаарал хандуулан ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Комиссын санал, байр суурийг мөн илэрхийлэв.


    Албан тушаалтнуудын мэдээлэл, танилцуулгыг сонссоноор Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Н.Учрал, С.Одонтуяа, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг жагссан гэж хорьсон уу, гэмт хэрэг үйлдсэн гэж хорьсон уу, ямар үндэслэлээр хорьсон бэ гэдгийг прокурорын байгууллагаас, “No naadam” жагсаалыг гадны санхүүжилтээр хийсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явсан нь бодитой юу гэдгийг цагдаагийн байгууллагаас, хорих ял эдлүүлэх байр руу дайрч орж, хоригдож буй хүнийг булаан авсан явдал үнэхээр болсон уу гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус тус тодруулж, хариулт авсан. Ш.Адьшаа гишүүний асуултад Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат иргэн Э.Одбаяр цагдаагийн байгууллагын шаардлага эсэргүүцсэн үйлдэлд өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж байсан тул хойшлуулшгүй арга хэмжээ авч цагдан хорьсон талаар хариулсан бол Хүний эрхийн үндэсний комиссоос хариулт өгөхдөө иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг цагдан хорьсон үйл явцтай холбогдуулж жагсаал, цуглаан хийх эрхийг тогтолцоогоор нь хамгаалах талаар саналаа хэлэв. Мөн жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийг хууль зүйн туслалцаа авах боломжоор хангах асуудалд цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах шаардлагатай байгаа талаараа хэллээ.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг тухайн иргэд идэвхтэй явуулсан. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр хууль бус жагсаал, цуглаанд бусдыг уриалсан, бусдыг гутаан доромжилсон, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан зэрэг үндэслэлээр тэднийг цагдан хорьсон. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд ажилласан. “No naadam” жагсаалтай холбоотой ямар нэг хэрэг, зөрчил шалгагдаагүй гэсэн хариулт өгсөн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэн Д.Монголхүүг цагдан хорих байрнаас бусдад булаалгасан гэх асуудалтай холбогдуулж болсон явдлын талаар хариуллаа.  


Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар болж байгаа процесс улс төрийн шинжтэй боловч тайван жагсаал, цуглаан. Тайван жагсаал, цуглааныг хийхтэй холбогдуулж цагдаа, прокурорын байгууллага албан хаагчдадаа сургалт авдаг уу гэдгийг тодруулахын зэрэгцээ тайван жагсаал, цуглаан хийж байхад нь баривчлаад байх шаардлагатай юу, улс төрийн болон Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд явж байхад шаардлага биелүүлэхгүй байна гээд хориод байж болох уу гэдгийг тодруулж хариулт авав. Энэ асуултад цагдаа болон прокурорын байгууллагаас албан хаагчдадаа харьцаа, хандлагын болон хүний эрхийн талаар Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч сургалт байнга ордог талаар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгийн асуултад хариулахдаа “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Алтантуяа хүний эрхийн талаарх цаг үеийн асуудалд хууль тогтоох байгууллагаас анхаарч байгаад талархал илэрхийлээд Засаг дарга цар тахалтай холбоотой гэдгээр жагсаал, цуглаан хийх хүсэлтийг хүлээн аваагүй хэрнээ бүртгэхээс татгалзаж буй нь цаанаа олон асуудал дагуулж, иргэдийг Зөрчлийн хуулиар торгох үндэслэл болж буй талаар тайлбар, мэдээлэл хэллээ.

Асуулт асууж, хариулт авч дууссанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг тодорхой хэмжээнд сайжруулах шаардлага байгаа талаар болон тайван жагсаал, цуглаан хийж буй иргэдийг хамгаалах, тайван замаар тухайн жагсаал, цуглааныг явуулах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар саналаа хэлэв. Улсын Их Гишүүд Double standart-ыг хэрэгжүүлэх буюу эрх мэдэлтэн, иргэдэд адил тэгш хандах, харилцаа хандлага үзүүлэх, шаардлага тавих, жагсаал, цуглааныг зөвшөөрдөг Засаг дарга улс төрийн өнцгөөс шийдвэр гаргах магадлалтай учир энэ зохицуулалтыг өөрчлөх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.


    Төгсгөлд нь Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хүний эрхийн асуудлаар Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй.  Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой гэдгийг холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй гэсэн байр суурийг илэрхийлэн Дэд хорооны хуралдааныг өндөрлүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл