Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв


    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.11.04/  үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

    Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. 

   Засгийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авлаа. 

     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 59 дүгээр зүйлийн 59.7- дахь хэсгийг “Энэ хуулийн 59.1.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 5 хувийг тухайн эх үүсвэрийн 20 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймагт тэнцүү хэмжээгээр, 15 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш 20 хүртэлх хувийг бүрдүүлэх аймагт бүрдүүлсэн хэмжээгээр нь хувь тэнцүүлж, мөн хуулийн 59.1.5-д заасан эх үүсвэрээс бүрдсэн орлогын 30 хувийг тухайн эх үүсвэрийн 1 ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх аймагт тэнцүү хэмжээгээр тус тус хуваарилна.” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


    Мөн “Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэж, хүүхдийн нэрийн дансанд байршуулах зорилгоор” гэснийг “хуримтлал үүсгэх зорилгоор зарцуулах” гэж, төслийн 6 дугаар зүйлийг  “Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 4 дүгээр зүйлийн 4.1.55 дахь заалт, 2 дугаар зүйлийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, бусад зүйл, хэсэг, заалтыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөхөөр боллоо.

    Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Дараа нь  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


    Засгийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо  2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 25 хууль, Улсын Их Хурлын тогтоолын  гурван төслийг нэг бүрчлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 44 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Ажлын хэсгээс Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсгийг “Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах чиг үүрэг бүхий Хилийн боомтын захиргааг Засгийн газар байгуулна” гэж өөрчлөн найруулах хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжив. 

    Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 29.10, 29.11, 29.12 дахь хэсгийн “онцгой бүрэн эрхт” гэснийг тус тус хасахын зэрэгцээ төслийн 1 дүгээр зүйлд “29.13.Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтод цацраг хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 29.9-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ онцгой бүрэн эрх эдэлнэ” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.


    Ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул  Зээлийн батлан даалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийг хасах, 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг “Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогод нийцүүлэн Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгуй байгаа иргэн, хуулийн этгээдийн урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах” гэж өөрчлөн найруулахаар болсон.

    Түүнчлэн Ажлын хэсгээс Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрд “Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн зүйл нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

    Мөн Ажлын хэсгээс гаргасан “Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд зарим нэг заалт, дэд заалт, зүйл нэмэх саналуудыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Тухайлбал, тогтоолын төсөлд

1/Төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн этгээдүүд жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгийн 50 хувь болон төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн үнэлгээний 1 хувьтай тэнцэх дүнгийн аль өндөр хэмжээгээр ногдол ашиг тооцон хуваарилж төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авах;

2/Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн албанд ашиглаж байгаа суудлын автомашины ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас бусад төрийн байгууллагуудын суудлын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах;

3/Төсвийн хөрөнгөөр 2022 онд дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэх;

4/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт нөлөөлж буй хүчин зүйлийг судлан, үнийн өөрчлөлтийн индексийг баталж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших гүйцэтгэлд тооцох;

5/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд  зохион байгуулж, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж, саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө УИХ-д танилцуулж, шийдвэрлүүлэх;

6/Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхдээ батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг нийцүүлэн өөрчлөхгүй байх, хөгжлийн бодлогод нийцсэн  нотолгоо үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх;

  7/төсвийг төлөвлөх, шат шатанд өргөн мэдүүлэх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, ил тод, нээлттэй болгох;

8/Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аудитын дүгнэлтэд дурдсан төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судлан үзэж, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулж 2022 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалт нэмэхээр тогтов. 


    Мөн Ажлын хэсгээс Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “2022 оны төсвийн жил Ирээдүй өв сангийн тухай хуулийн 7.1-д заасан эх үүсвэрээс Монгол Улсын 0-18 нас хүртлэх насын иргэн бүрд Төрийн санд хуримтлагдах мөнгөн хуримтлалын хэмжээг сар бүр 100 мянган төгрөгөөр тооцох бөгөөд  2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр, 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд 50000 төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тус тус олгож болно” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.

    Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн

    Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

    Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, УИХ  дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцуулсаны дараа хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан 53 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.


    Ажлын хэсгээс зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулахтай холбоотойгоор гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин урсгал зардлын дүнд нөлөөлөхгүйгээр зохицуулалт хийсэн санал болох, Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны төсвийн багц дахь "Ойжуулалт" хөтөлбөрт тусгагдсан 12.1 тэрбум төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийг "ойн хортон шавьж устгах” зориулалт арга хэмжээнд шилжүүлэх болон Тэтгэврийн даатгалын сангаас 17,200.0 сая төгрөгийг Тэтгэмжийн санд шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

    Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2022 оны төсвийн төслийн "Улсын төсвөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт зориулалт арга хэмжээнд тусгагдсан төсвийг 163.7 тэрбум төгрөгөөр бууруулж, Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийг улсын төсвөөс төлөх шимтгэл зориулалт арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг 163.7 тэрбум төгрөгөөр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувь нь дэмжлээ.  

    Мөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлыг өөрчлөхтэй холбогдуулан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад тусгагдсан нийт 45 төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал байршлыг 4 дүгээр хавсралтад тусгагдсанаар өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


    Цаашлаад хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо ирүүлсэн бусад Байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, П.Анужин, С.Ганбаатар, Ч.Ундрам, Б.Баярсайхан нараас Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн 2 дугаар хавсралтын XIX.3.16.Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /Улсын хэмжээнд/, хэрэгжих хугацаа 2022-2022 он, төсөвт өртөг 3,000.0 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүнг тус бүр 1,000.0 сая төгрөгөөр бууруулж, “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн барилгын их засвар/ Улаанбаатар Баянзүрх дүүрэг/, хэрэгжих хугацаа 2022-2022 он, төсөвт өртөг, 2022 онд санхүүжих дүн тус бүр 1,000.0 сая төгрөг” гэсэн төсөл арга хэмжээг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


    Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн гаргасан Төсвийн байнгын хорооноос дэмжсэн санал болох Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн 2 дугаар хавсралтын “XII.1 115.Сум, аймгийн төвийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламж /Улсын хэмжээнд/ хэрэгжих хугацаа 2022-2022 он, төсөвт өртөг 10,000.0 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 10,000.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг 7,000.0 сая төгрөгөөр бууруулж, "Хөшигийн хөндийн шинэ хотын инженерийн дэд бүтэц төсөл /Төв/, хэрэгжих хугацаа 2022-2024 он, төсөвт өртөг 33,000.0 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 4,000.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээ болон "Соёл амралтын хүрээлэн /Сүхбаатар, Баруун-Урт сум/, хэрэгжих хугацаа 2022-2023 он, төсөвт өртөг 9,319.4 сая төгрөг, 2022 онд санхүүжих дүн 3,000.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Иймд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

"Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг- Очир, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нараас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

    Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.


    Улсын Их Хурал Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, харин Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн. Хууль хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд бусад хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдаатайгаар энэ хуулийн 6.2; 6.4; 8.3; 19.8; 28.2 дахь заалтуудад өөрчлөлт оруулж,  21.1.2; 22.1.4; 22.3 дахь заалтуудыг хүчингүй болгосноос өөр агуулгын чанартай өөрчлөлт оруулаагүй байгааг хуулийн танилцуулгад дурдсан байлаа. 

    Энэхүү хууль 7 бүлэг 31 зүйлээс бүрдэх бөгөөд Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн осол, зөрчлийн тоо буураагүй байгаа нь уг хууль тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагыг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар дорвитой нөлөөлөл үзүүлээгүй болох нь харагдаж байна. Иймд жолоочийн даатгалын одоогийн тогтолцоог өөрчилж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг авах, жолооч нарыг хариуцлагажуулах, соён гэгээрүүлэх, авто жолооны сургалтын системд чанарыг анхаарах, давтан сургалтыг дадлагажуулахад анхаарч даатгалтай холбох, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, осол гаргасан жолоочтой тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх, осол гаргаагүй жолоочийг урамшуулах шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.  

    Мөн Жолоочийн даатгалын тухай хуульд албан журмын даатгалыг ямар хуулийн этгээд хэрэгжүүлэхийг тодорхой заагаагүйгээс шалтгаалж арилжааны даатгалын компаниудад албан журмын даатгал эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгожээ. Мөн Даатгалын тухай хуулийн 12 дүгээр зүйлд заасан албан журмын даатгалын олон  хэлбэрүүдийг тодорхой чиг үүргийн дагуу нэгтгэн зохион байгуулах үүрэгтэй хуулийн этгээдэд жолоочийн хариуцлагын даатгалын чиг үүргүүдийг хавсруулан гүйцэтгүүлж өнөөдрийг хүрсэн нь бодлогын алдаа болсон байгааг хуулийн төслийн талаарх танилцуулгад дурдсан байв. 

    Жолоочийн даатгалын тухай хуулиар зохицуулах асуудал нь албан журмын даатгал учраас даатгалын гэрээний хугацаа, төлөх хураамжийн хэмжээ, даатгалын үнэлгээний дээд хязгаар болон бүх нөхцөлийг хуульчилсан байхад одоогийн нүсэр орон тоо ажиллуулахгүй, даатгуулагчийн төлөх хураамжийг нэмэгдүүлэхгүйгээр хэрэгжилтийг зохион байгуулах бололцоог хуулиар нээж өгнө. Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх олон үе шаттай ажлуудаас зам тээврийн ослын хохирогчид нөхөн төлбөр олгохоос бусад ажлыг жолоочийн даатгалын мэдээллийн сан үндсэндээ цахимжуулсан байна. Нөхөн төлбөр олгох ажлын одоогийн буруу тогтолцоог авто үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай шууд холбож, илүү шат дамжлагыг арилгаж, үйлчилгээг даатгуулагчдад улам ойртуулах, тэдний санаачилга, оролцоог нэмэгдүүлж хохирлыг арилгах ажлыг бодитой болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.  

    Жолоочийн даатгалын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төвшинд баталснаар хариуцлагын даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох явцад гарч буй нэмэгдэл зардлуудыг хэмнэж, даатгуулагчдын одоогийн төлж байгаа хураамжийг бууруулах боломж нөхцөлийг бүрдүүлэх, Хариуцлагын даатгалын санд хуримтлагдсан хөрөнгөнөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээг санхүүжүүлэх, Хариуцлагын даатгалын баталгаат санд хуримтлагдсан хөрөнгөнөөс зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх боломжийг бий болгоно гэж танилцуулгад дурдсан байлаа.


    Улсын Их Хурлаас 2019 онд Жолоочийн даатгалын тухай хуулийн 22.1.2, 22.1.4, 22.3 дахь заалтыг хүчингүй болгосон учир Жолоочийн даатгалын сан төрөөс санхүүжилтийн хувьд хамааралгүй болсон бөгөөд санд орон нутгийн төсвөөс хуримтлагдсан хөрөнгийн үлдэгдлийг тооцож автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын баталгаат санг олон улсын жишгийн дагуу үүсгэн байгуулж, нийтийн эрх ашигт чиглэсэн үйл ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлж хуримтлагдсан хураамжийн орлогоор хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

    Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3; 6.4-т заасныг хэрхэн хэрэгжүүлэхэд анхаараагүйгээс Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг тодорхойгүй орхигдуулсаныг засч энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тусгасан болно. Мөн жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжсэн өнгөрсөн 9 жилд 4.463 хүн зам тээврийн ослоор нас барж, 36.162 хүн хөдөлмөрийн чадвараа алдахад жолоочийн хариуцлагагүй үйлдлээс 98 хувь нь шалтгаалсан байхад энэ даатгалын үйл ажиллагааг Зам тээврийн салбарын стратеги бодлого, үйл ажиллагаанаас салган ашиг олох хэрэгсэл болгосон хууль бус ажиллагааг засах нь шинэчилсэн найруулга хийх гол зорилго оршиж байгааг танилцуулгад дурджээ. 

    Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулснаар тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч даатгалд хамруулах ажил тодорхой эзэнтэй болж нэгдсэн бодлогоор даатгуулагчдад урьдчилан сэргийлэх, мэдээлэл авах, мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх боломж бүрдэхийн зэрэгцээ даатгуулагчдын төлсөн хураамж нийтийн эрх ашигт зориулагдана. Энэ хуулиар хохирогчийн эрхийг хамгаалах ажлыг шинэ түвшинд тавихын зэрэгцээ хариуцлагын механизмын үйлчлэл өндөржиж, жолоочийн даатгалын гол маргаан болж байгаа хохирогчийн хохирол нөхөн олгох ажилд хүний хамаарлыг эрс багасгаж, эрүүл мэнд, авто үйлчилгээний байгууллагын зохистой оролцоог хангаж хохирогчийн хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр олгох үйл ажиллагаатай холбож өгнө. Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхэлж, даатгуулагчдын оролцоог нэмэгдүүлж, тэдний зүгээс тавих хяналтыг өндөржүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна. 

    Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав.


    Хууль санаачлагч нь ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг байгуулан нийтийн болон даатгуулагчдын ашиг сонирхлыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах өргөн зорилт бүхий цогц системийг бий болгох, ингэснээр тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх зохистой тогтолцоог бий болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тодорхой үйл ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгаж, хохирогчийн эрх, ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг бэхжүүлнэ гэж үзэн уг хуулийн төслүүдийг боловсруулжээ.

    Төсөл санаачлагч нь Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг хийх болон Засгийн газрын саналыг авах үед тус хуулийн төслийн нэрийг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр төсөл санаачлагчид хүргүүлсэн байна. Уг саналын дагуу хуулийн нэрийг Жолоочийн даатгалын тухай гэж өөрчлөх нь хуулийн төслийн агуулга, зохицуулалтыг бүрэн илэрхийлэх боломжгүй гэж төсөл санаачлагч үзсэн тул төслийн нэрийг Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль гэж нэрлэхээр тогтсон гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулгадаа онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Сүхбаатар, Г.Амартүвшин, Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Т.Аубакир, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд хуулийн төслийг дэмжих эсэх талаараа санал хэлсэн.  

    Хуульч санаачагч гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, жолоочийн хариуцлагын даатгалд баталгаат сан гэж байдаг. Уг сан нь гэрээний хугацаа дууссан хүмүүс, эсвэл даатгалгүй, согтуугаар жолоо бариад осолдсон хүмүүс осол гаргавал буруутай этгээдээр хохирлыг төлүүлдэг. Энэ баталгаат сангийн хэмжээгээр төрийн оролцоо байх нь зүйтэй юм байна хэмээн хэлэлцүүлэг явуулж, Засгийн газрын санал бусад мэргэжилтнүүдийн саналыг аваад төрийн оролцоо байх ёсгүй юм байна. Нийтийн эрх зүйн ашгийн бус хэлбэрээр байх юм хэмээн томьёолоод хууль санаачлагчид өргөн мэдүүлсэн гэдгийг тодотгож байлаа. Харин хуульч санаачлагч гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийн гол үзэл баримтлал нь одоо үйлчилж байсан хуулийг шинэчлэх, 1 сая 200 мянган хураамж төлж байгаа иргэдийн эрх ашгийг тодорхой болгоход чиглэж байгааг дурдаад өргөн барьсан төслийн үзэл баримтлалд төр, хувийн хэвшлийн бизнесийг булаан авах гэсэн ямар ч санаа байхгүй гэдгийг тодотгож байлаа. 

    Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурал дахь  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай тул хэлэлцүүлгээс 5 хоногийн завсарлага авлаа.


    Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсны дараа “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа. 

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос тогтоолын төслийн 2 дахь заалтыг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл