Цэс

Холбоо барих

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.04) хуралдаан 10 цаг 03 минутад 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нар нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэгт нэгдсэн талаарх мэдэгдлийг Г.Занданшатар дарга уншиж танилцууллаа.  

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Ингээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан.

    Байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүнээс 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, гишүүдэд С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Ажлын хэсэг хууль, тогтоолын төслийг нэгтгэхдээ 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд суурилсан гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэжээ.


    Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан гэв.

Ажлын хэсгээс хууль, тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудалд жендэрийн хөгжлийн асуудлыг хэвээр үлдээх, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газрыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого, төлөвлөлтийн асуудлыг хамааруулж, хэрэгжүүлэх асуудлыг тухайн холбогдох сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах бодлого, зохицуулалт, Кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалтын асуудлыг хамааруулахаар нийт 14 зарчмын зөрүүтэй санал, түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвор суурьшилтай ажиллуулахыг дэмжих асуудлыг хамааруулахаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил зарчмын зөрүүтэй санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулжээ.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Н.Наранбаатар, Д.Ганбат, Б.Баярсайхан, Ж.Ганбаатар, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Э.Батшугар нар асуулт асууж, хариулт авав. Эдийн засгийн хөгжлийн сайдын эрх хэмжээ Шадар сайдынхтай эн тэнцүү байх нь зүйтэй гэдэг байр суурийг С.Чинзориг гишүүн илэрхийлж, тодруулга хийлээ. Засгийн газрын бүтэц нь Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал бөгөөд төслийн хэлэлцүүлгийн үед саналыг нь харгалзаж үзээд, үндсэн чиг үүргийн яам болгох нь оновчтой гэж үзсэн болохоо Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийв. Эдийн засгийн яамны боловсон хүчний нөөцийн талаар асуусан Ц.Даваасүрэн гишүүний асуултад хариулахдаа, бодлого төлөвлөлт хийдэг, салбар дундын зохицуулалт хийх үндсэн чиг үүргийн яам байх бөгөөд дэргэдээ эрдэмтэн, судлаачдыг бүрэлдэхүүнтэй хүрээлэнтэй байх эрх зүйн зохицуулалт бий гэв. Тиймээс яам байгуулагдсан даруйдаа нэн тэргүүнд энэхүү хүрээлэнгээ байгуулах ажлыг зохион байгуулна гэж харж байгаа аж. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахдаа бодлогын хувьд зөв институцийг байгуулж, зөв статус, эрх, үүргийн хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг саналыг Г.Тэмүүлэн гишүүн илэрхийллээ. Энэ хүрээндээ макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, технологи, инновацын бодлогыг Эдийн засгийн яамны чиг үүрэгт хамааруулснаар монгол төрийн бодлого энэ яаман дээр зангидагдах ёстой нь зүйтэй гэлээ. Харин ирэх оны төсвийн төсөлд шинээр байгуулагдах тус яамны төсөв хангалттай эсэхийг лавлаж, чиг үүрэгт нь нийцсэн төсөв төсөвлөж, зохицуулалт хийх саналыг хэлж байв.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 15 саналынн томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нараас 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, зцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Тус Байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан байна.

    Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуулийн төслийн 1 дүгээр зүйлд гаргасан зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэж хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “42.1.5.Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Г.Ганболд гишүүн санал, дүгнэлтдээ танилцуулсан юм. Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

    Байнгын хороо тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хийжээ. Ажлын хэсгээс чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх үед гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна. Тухайлбал, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор тогтоолын төсөлд инфляцын зорилтот түвшинг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгах, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад, дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр дэмжин ажиллах зорилгоор шинэ заалт нэмэхээр зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.6 хувь нь дэмжсэн гэв.  


    Тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр өөрчлөн найруулсан зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Тогтоолын төслийн 2.7 дахь дэд заалтын “эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний зориулалтыг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөтгөж, зээлдэгчид тавьж байгаа зарим нөхцөл, шаардлагыг сулруулах зорилгоор тодотгон өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн байна.

    Тогтоолын төслийн 2.3 дахь дэд заалтын ФАТФ-ын зөвлөмжийн үнэлгээг дээшлүүлэх, зөвлөмжид нийцүүлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээнд үндэслэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгох, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 69.2 хувь нь дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурдсан юм.

    Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн ажлын хэсгээс боловсруулсан “Тогтоолын төслийн 2.3 дахь дэд заалтад “Хөрөнгийн зах зээл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, төгрөгийн суурь хүүг тогтоох, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 55 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-т нийцүүлэн үнэт цаасны зах зээлд гаргах, цаашид тогтмол арилжаалах” гэсэн шинэ дэд заалт нэмэхээр зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй аж.

    Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа,Т.Доржханд, С.Чинзориг нар “Хөрөнгийн зах зээл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, төгрөгийн жишиг хүүг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасыг “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 55 дугаар тогтоолд нийцүүлэн үнэт цаасны зах зээлд тогтмол гаргах” гэсэн 2.3 дахь дэд заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.6 хувь нь дэмжсэн байна.


    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.

    Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хүнд үед улс орнууд иргэдийнхээ эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүдийнхээ орлого, эдийн засгаа хамгаалахад чиглэсэн багц арга хэмжээнүүдийг эдийн засаг, санхүүгийн боломждоо тааруулан хэрэгжүүлж байгаа, энэ жишгээр Монголын төр өндөр дүнтэй санхүүжилт бүхий хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадны доноруудаас авсан санхүүжилтүүд нь олон улсын дунджаас хэд дахин илүү байгааг дурдсан.

    10 их наядын цогц төлөвлөгөө анх зарлах үед Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) 8.2 орчим их наяд төгрөгийн хэмжээтэй байсан ба хагас жилийн хугацаанд 3.6 их наяд төгрөгийн дэд хөтөлбөрүүд хэрэгжсэний дараа үнэт цаасны хэмжээ буураагүй харин өссөн нь эрсдэл өндөр байгааг илэрхийлж байна хэмээн үзжээ.  Монголбанкны үндсэн зорилт үнийн тогтвортой байдлыг хангах байтал төсвийн төслийн төлөвлөлт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид ямар эрсдэл гарч болох талаар тооцоо хийсэнгүй хэмээн шүүмжилсэн. Мөн Төв банк арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүй байна хэмээн үзэж буйгаа,  койны талаарх зохицуулалт, хяналт байхгүй байгааг, хараат бус бие даасан байдлаа хадгалж үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар санал, дүгнэлтдээ дурдсан.


    Дээрх санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Б.Энхбаяр гишүүн дотоодын санхүүгийн зах зээл дэх койны нөхцөл байдлын талаар дурдаж, төрөөс ямар нэг зохицуулалтгүй байгаа энэхүү арилжаанд олон тооны иргэд ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэйгээр оролцож байгаа нь өндөр эрсдэл хүлээх магадлалтай байгааг санууллаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулан, сурталчилж буй сэрэмжлүүлэг, мэдээллийг хүлээн авахгүй, дээрх төрлийн арилжаанд сайн дураараа оролцон ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн тохиолдолд монгол төрөөс ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг онцолж байв. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ипотекийн зээл олголтын нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлаар тодруулга хийв. 2020 оны аравдугаар сараас хойш Төв банк олгосон ипотекийн зээлийн хүүгээ 8 хувиас 6 хувь болгон бууруулсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд  9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд энэ нь түүхэндээ нэг жилийн хугацаанд гарч буй хамгийн өндөр дүн гэдгийг тэмдэглэв. Харин үүнтэй зэрэгцээд дотоодын үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн бөгөөд өсөлтийн дүнг олон улсын дундажтай харьцуулахад 2 дахин өндөр байгаа аж. Энэхүү  үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс үүдэн ипотекийн зээлийн хүүгийн бууралт иргэдэд ямар ч үр ашиггүй, өгөөжгүй байгаа, Монголбанк бодлогын ямар ч тохируулга хийгээгүй болохыг шүүмжилсэн. Мөн хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар тодруулж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хариулт тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төсөл дэх инфляцын төсөөлөл өөрчлөгдөх, хоёр оронтой тоо руу орох магадлал бий эсэхийг лавлав. Цар тахал болон түүнээс үүдсэн хил, гаалийн нөхцөл байдал, тээвэр, ложистиктой холбоотойгоор инфляц 9.6 хувьд хүрээд байгаа, оны төгсгөл хүртэл энэ хэвээр үргэлжилнэ гэдэг төсөөллийг холбогдох байгууллагаас тооцоолоод байгаа гэлээ. Инфляц нөхцөл байдлын нөлөөллөөр өссөөр оны эцсээр хоёр оронтой тоо руу орох магадлалтай ч ирэх оны хоёрдугаар хагаст төсөл дэх зорилтот түвшинд орох боломжтой хэмээн тооцоо, судалгааны дүнд төлөвлөсөн болохоо танилцуулсан.


    Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд банкны салбарыг эрүүлжүүлэх, тогтолцоог зөв болгох зорилготой реформын талаар асууж, нэр бүхий банкуудын талаарх нийгэмд тархаад буй мэдээлэл үнэн эсэхийг тодруулж, Төв банкны ерөнхийлөгчөөс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Б.Баттөмөр гишүүн ФАТФ-ын зөвлөмжийн биелэлтийн талаар тодруулахад, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт” буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас Монгол Улс гараад жил гаруй хугацаа өнгөрч байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Тухайн үед тус байгууллагаас өгсөн техникийн 40 зөвлөмжийн 36 нь хэрэгжүүлсэн, өнгөрсөн нэг жилийн хугацаанд үлдсэн зөвлөмжүүдийн биелэлийн талаарх тайлангаа хүргүүлсэн ч 2 зөвлөмжийн хэрэгжилтийг хангалттай хэмээн үзсэн гэв. Үлдсэн хоёр зөвлөмжийн биелүүлэх чиглэлээр холбогдох зөвлөмжийг хүлээн авч ажиллаж байгаа аж. 2023 онд харилцан үнэлгээний баг Монгол Улсад ажиллах болно гэв. Үүнээс өмнө бэлтгэл ажлуудаа төлөвлөөд ажиллаж байгаа талаарх мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч өгөв. С.Бямбацогт гишүүн койны өнөөгийн нөхцөл байдлын талаар, ирээдүйн эрсдэл, түүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн талаар тодруулж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагаас хариулт авав. Төв банз, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс технологид суурилсан санхүүгийн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэсэг болох койн нь хөрөнгө оруулалтын болон төлбөрийн ямар нэг хэрэгсэл биш гэдгийг, эрх зүйн ямар ч зохицуулалтгүй учраас эрсдэл өндөр гэдэг мэдээллийг нийтэд хүртээмжтэй хэлбэрээр түгээн, таниулах ажлыг хийж байгаа гэв. Койн нь ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит үнэ цэнгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан сэрэмжлүүлээд, суурь технологи болох блокчейныг нарийвчлан  судалж байгаагаа дуулгав. Н.Учрал гишүүн криптовалют гэх зэрэг технологид суурилсан санхүүгийн шинэ механизм тэргүүтэй шинэ зүйлийг үгүйсгэж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд, монгол залуус олон улсын дижитал зах зээлд амжилттай ажиллаж байгааг дурдсан. Харин ФАТФ-аас өгч буй зөвлөмжийн дагуу криптовалютыг бэлэн мөнгө болгож буй үйл явц дээр банк хяналтаа тавих болон бусад зөвлөмжүүдийг биелүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр хэллээ. Койн эрсдэлтэй гэдгийг иргэд ойлгож байгаа ч шийдвэр гаргаад арилжаанд оролцож байгаа учраас үүдэх эрсдэлд төр хариуцлага хүлээхгүй гэдгийг давтан хэллээ.

    Ч.Хүрэлбаатар гишүүн Монгол Улс дахин Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт” буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт, үүнээс муу хувилбар руу орох вий гэдэг болгоомжлол буйгаа хэлж, баримт дурдан сэрэмжлүүлсэн. Үргэлжлүүлэн Ц.Даваасүрэн, Г.Амартүвшин нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авч зарим асуудлаар байр сууриа илэрхийлж байв.


    Цахим мөнгөний харилцааны эхний үе нь биткойн байсан бол хоёрдугаар үе нь блокчейн дээр суурилсан, харин гурав дахь үе нь “Central Bank Digital Currency” болж, дэлхийн Төв банкуудын 80 хувь нь судалж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн. БНХАУ өвлийн олимпын үеэр цахим юань гаргахаа илэрхийлээд байгаа бол ОХУ цахим рублийн талаарх судалгаагаа хийж, дуусч байгаа. Экспорт, импортын хэтээ бодсон ч ойрын ирээдүйд бусад оронтой цахим мөнгөний харилцаа үүсгэх, холбогдох эрх зүйн орчныг Монгол Улс бүрдүүлсэн байх шаардлага үүснэ гэдгийг тэрбээр тэмдэглэв. “Төр хариуцлага хүлээхгүй” гэдгээ илэрхийлснээр койны нөхцөл байдлыг хяналтгүй орхиж болохгүй гэдгийг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд сануулсан. Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийг батлагдан, хэрэгжих хүртэл дахин ямар нэг төрлийн шинэ койн гаргахыг хязгаарлаж, нэг их наяд орчим төгрөгийн арилжаа хийгдсэн гэх мэдээлэл бүхий одоо байгаа койнуудын эрсдэлийг удирдах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.

    Ийнхүү гишүүд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж, санал хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын 8 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ" хэмээн заасан байдаг. Энэ дагуу хуралдаанаар хэлэлцэх дараагийн асуудал нь ““Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байсан тул чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжсэн. 

    Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах юм. Түүнчлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахаар төлөвлөөд байгаа юм.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүний 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Төгсгөлд нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл