Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхэллээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд нийт нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага зохион байгуулах юм. Нэр дэвшигч 30-аас 60 минутын хугацаанд ажлын хэсгийн гишүүдийн сонирохсон асуултад хариулт өгч, ярилцах юм. Ажлын хэсгийн ярилцлага нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодгоороо онцлог юм.
Дашрамд дурьдахад ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдээр Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монголын Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор О.Мөнхсайхан, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар ажиллаж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.