Эмхэтгэлийн 2021 оны 37 дугаарт Зарлигт өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 785 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар зарлигийг хүчингүй болгож, Найдангийн Адъяабат, Балжиннямын Суманчулуун нарын цолыг хасаагүйд тооцсон байна. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн зарим шүүгчдийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.
Мөн дугаарт Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.
“Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээлэл өгөх журам”, “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хаалттай мэдээлэлтэй танилцах, мэдээлэл өгөх журам”-уудыг дээрх тогтоолоор баталсан бөгөөд эдгээр журмуудыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлжээ.
Үндсэн хуулийн цэц 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.