Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд ЭМДЕГ-т ажиллав

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.10.04/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-т ажиллав.


Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир болон ЭМДЕГ-ын удирдлагууд, цахимаар аймаг дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төлөөлөл оролцов.


Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн ЭМД-ын сангийн 2021 оны төсвийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Түүнчлэн 2022 оны төсвийн төсөлд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын санхүүжилт, цахим эрүүл мэндийн программ хөгжүүлэлтийн системийн үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.


УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ажлын хэсэг өнгөрсөн зуны турш дүүрэг, сумын бүх шатлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай цувралт уулзалтыг хийсэн. Хуулийн хэрэгжилт дунд доод шатанд хангалтгүй байгааг сануулав. Компьютер, программ нь хоцрогдсноос болж санхүүжилт, гүйцэтгэлээ гаргаж өгч чадахгүй байна. Технологийн шинэчлэл эрүүл мэндийн салбарт тааруу байгааг сануулаад эдгээр асуудлыг шийдэхэд удирдлагын оновчтой менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн программ хангамжийн шинэчлэлийн төсөл бүтэн жил гацсан байсан ч энэ жилээс ажиллаж эхэлсэн гэдгийг дурдаад хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг сануулав.


УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2500 гаруй гэрээт байгууллагуудад гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь шилжүүлдэг болсон. Гэтэл зарим аймаг, сумын эрүүл мэндийн төвүүд санхүүжилт, гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа гэсэн гомдол, санал ирж байна. Программын хоцрогдол, техник технологийн байдлаас болж өвчтөний мэдээлэл давхардах, буруу мэдээлэл орох зэрэг алдаа гарснаас болж санхүүжилтээ авч чадахгүй асуудлууд байна. Эрүүл мэндийн салбарын техник технологийн шинэчлэл энэ хуулийн хэрэгжилтийг хойш нь татаж байна. Тиймээс нэн түрүүнд техникийн болон программын шинэчлэл хийх, мөн боловсон хүчний хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй ” гэдгийг онцоллоо.


Ажлын хэсгийн гишүүд уг салбарт тулгамдаад буй хуулийн хэрэгжилтэд саад болсон асуудлууд дээр санал дүгнэлтээ гаргах нь зүйтэй хэмээн үзэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл